Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төсөлтэй танилцлаа. Үүнтэй холбогдуулан зээлийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг сайд Б.Чойжилсүрэнд, бодлогын арга хэмжээний биелэлтийг хангахад анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Хөгжлийн бодлогын зээл нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулж, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамж, банкны салбарын засаглалыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзэж байна.
Энэ зээл нь Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас олгох 850 сая ам.долларын эхний шатных юм.
Японы тал хөнгөлөлттэй зээлээ гурван жилийн хугацаанд тэнцүү хэмжээтэй санхүүжүүлэх бөгөөд энэ онд 283 сая орчим ам.доллар байна. Зээл нь 20 жилийн хугацаатай, үүнээс эхний зургаан жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 0.8 хувийн хүүтэй, урьдчилгаа шимтгэл зээлийн санхүүжилтийн дүнгийн 0.1 хувь байх юм.
Эх сурвалж: Засгийн газар