Монголын ирээдүйн эдийн засгийн хандлага: Уул уурхайгаас эрчим хүч рүү

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Монголын ирээдүйн эдийн засгийн хандлага: Уул уурхайгаас эрчим хүч рүү

Холливудын жүжигчин Жессика Биел сүйт залуу дуучин Жастин Тимберлейкийг загварын мэдрэмжтэй, сонголт хийхдээ сайн гэж магтсан гэнэ.

Дэлхийн эрчим хүчний зах зээлийн хувьсал

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийн үндсэн зорилт эхнээсээ биелэлээ олж байна. Даян дэлхийн улс орнуудыг эгнээндээ нэгтгэж чадсан энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт уул уурхайн салбарт шинэ горим тогтоож эхэллээ. Үүнээс улбаатай өөрчлөлт эрдэс түүхий эдийн зах зээлийн ирээдүйн төлөвийг шинэчлэх бололтой. Тэр дундаа нүүрсний компаниуд эл нөхцөлд хэрхэн дасан зохицох нь анхаарал татсан хэвээр. Учир нь хүлэмжийн хийг бууруулах зорилгоор нүүрсний хэрэглээг огцом танах талаар олон улсын түвшинд дэлхийн тэргүүлэгч гүрнүүд ажил хэрэгчээр яриад эхэлсэн нь үүний угтал болж байна. 

Ялангуяа одоогийн эрдэс түүхий эдийн зах зээлд үнэ тогтооход голлох үүрэгтэй байгаа Өмнөд хөршийн санаачилга дээрх хэлэлцээрт илүү жин нэмсээр. Тэд ирэх арав гаруй жилийн хугацаанд нүүрсний хэрэглээгээ хумих, улмаар 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ 20 орчим хувиар тэлэхээр болж байна. Хятадын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол хүн амынх нь эрүүл мэндэд төдийгүй эдийн засагт нь ноцтой аюул авчирсан. Энэ нь сорилт болоод зогсохгүй удаан хугацааны уршиг дагуулж мэдэхээр байгаа. Тиймээс утааны стандартаа шинэчилж, агаарын бохирдлыг үүсгээд байгаа хүнд үйлдвэрүүдээ хотоосоо гаргаж байна. 

Өмнөд хөршийн “зовлон” манай улсыг мөн тойрсонгүй. Эдийн засгийн өсөлтийн эрчээрээ АНУ-ын өмнө “туг”-аа хатгахаар яваа БНХАУ-ын хүнд аж үйлдвэрийн салбар нь одоо бэрхшээл үүсгэж байна. Харин манай улсад гэр хороолол хэт тэлж, түүхий нүүрсний хэрэглээ нэмэгдсэн, иргэдээ орон сууцжуулах бодлого алдагдсан нь нөхцөл байдлыг улам дордуулсаар. Эдийн засгийн хурдацтай өсөлтөөс үүдэн байгаль орчны ярвигтай бэрхшээлүүд өмнөд хөршид нүүрлээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын долоо нь Хятадын хотоод ажээ. Хүчиллэг бороо тус улсын нийт нутгийн 30 орчим хувьд унаж байна. Тиймээс өнгөрөн онд шинээр байгуулах байсан 103 уурхайн үйл ажиллагааг өмнөд хөрш зогсоолоо. Энэ нь нүүрснээс гаралтай 7.2 сая киловатт эрчим хүчний үйлдвэрлэлтэй тэнцэх дүн юм. 

Нүүрсний хэрэглээг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах, цахилгааны хэрэглээг хэмнэх шаардлага дэлхий нийтийн өмнө урган гарч байна. Дэлхийн дээвэр дор багтсан улс болгонд энэ албан бус “хууль” үйлчилнэ гэсэн үг. Дэлхийн дулааралд сөрөг нөлөө үзүүлж буй компанид хөрөнгө оруулалт хийх, тухайн компанийн хувьцааг авахаас хөрөнгө оруулагчид эрс татгалзах болсон. Учир нь тэднийг нийгмийн хариуцлагагүй гэж цоллож байна. Ийм компани, үйлдвэртэй хамтрах нь өөрсдийнх нь нэр хүндэд харшилна гэж зарим нь үзэж байх жишээтэй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт өнөөдрийн ашгаас илүү үнэ цэнэтэй болж байна. Энэ нь олон улсын эдийн засагт онцгой өөрчлөлт үзүүлэх шийдвэр. “Хар алт” хэмээн тодотгох нүүрсний салбарын хэтийн төлөв тун бүрхэг байгааг эндээс ажсан байх. Гэхдээ нүүрсний эрэлт, хэрэгцээ богино болон дунд хугацаанд байсаар. Харин хожмын өдөр нүүрсээ шингэрүүлэх, хийжүүлэх талаар бодох шаардлагатай болох нь. Ингэснээр өндөр үнээр борлуулах цаг үе рүү бид зорчиж байна. 

Манай улсын экспортын нийт орлогын 40 гаруй хувийг энэ оны эхний улирлын байдлаар нүүрс дангаараа бүрдүүлсэн. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр үзүүлэлт. Экспортыг өнгөлөх нүүрсний эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг эндээс илүү тодорхой харагдана. Нүүрсний өгөөжийг экспортод эзлэх хэмжээгээр дүгнэж болох хэдий ч энэ түүхий эдийн эрсдэл нэмэгдсээр. Тэр нь нүүрсний хэрэглээг хязгаарлах явдал. Эдийн засгийн ашгаа эхэнд нь эрэмбэлэдэг байсан цаг үе ард хоцорч, байгаль орчны асуудлыг хөндөж байгаа өнөө үед дэлхийн жишгээс гажих эрх бидэнд байхгүй. 

Нүүрснээс дутуугүй ашиг өгөх салбарт сэргээгдэх эрчим хүч орж байна. Нар, салхины арвин их нөөц Монголд бий. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, улс дамнан экспортлох зах зээл бидэнд бий. Гэхдээ нүүрсээ орхиж болохгүй. Хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг өргөн хүрээнд нэмүү өртөг шингээх замаар нүүрсээ байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болгон хувиргах боломжтой юм. Дэлхий нийтийн хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нийт цахилгаан эрчим хүчний 41 хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд үйлдвэрлэж байна. “Эрчим хүчний хаан” төдийгүй хүнд үйлдвэрийн “хувьсгал”-д хөтөлсөн эл түүхий эдийн хэрэглээ хоёр талтайг бид одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг үед илүү мэдэрч буй. Тиймээс шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг гар таталгүй “цацах” цаг үе ирчихээд байна. 

Урд хөршийн өөрчлөлт, шинэчлэлт ид өрнөж байгаа бол хойд хөрш болох ОХУ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээ 2030 он гэхэд 11.3 хувь болгохоор зорьж байна. Үүнийг бий болгоход жилд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Хойд хөрш одоогоор эрчим хүчний хэрэглээнийхээ дөнгөж 3.6 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм. Шинээр нүүрсэн галлагаат цахилгаан станц байгуулах нь дэлхий нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ “тулаан”-д олон орон ялагдал хүлээсэн. Үүний үр дүнд дулаарлын түвшнийг тогтоон барих боломж нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй. Сүүлийн арван жилд дэлхийд шинээр байгуулсан нүүрсэн галлагаат цахилгаан станцуудын 86 хувийнх нь өлгий нутаг болох Хятад, Энэтхэгт 100 гаруй шинэ төслийг царцаагаад байна. Дэлхийн дулаарлын аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үетэй харьцуулахад цельсийн хоёр градусаас үл хэтрүүлэх төлөвлөгөө энэ байдлаар барьцаа ахиулсаар. Нүүрстөрөгчийг нь шүүн тогтоодог системгүй дулааны цахилгаан станцыг энэ оноос хойш ганцыг ч барихгүй байж чадвал Парисын хэлэлцээрийн зорилт тодорхой хувиар биелэх магадлал байна. Сэргээгдэх эрчим хүчний харьцангуй хямд эх үүсвэр ихэссэн нь нүүрсний хөрөнгө оруулалт татахааргүй таваар болгосныг зарим судалгаанд дурджээ. Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг ийнхүү хөгжүүлэх нь улс орны хөгжилд төдийгүй иргэдийн амьжиргааны түвшинд эерэг нөлөө үзүүлэхээр байгааг онцлон тэмдэглэе. 

Монгол – Шинэ тоглогчийн өнгө 

Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний салбарт итгэл үзүүлж, тус салбарт чиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүчний технологийг цаашид илүү дэмжиж, санхүүжүүлнэ гэдгээ маш тодорхой илэрхийлж эхэллээ. Энэ хэрээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг ногоон эрчим хүч өөртөө татах болов. Цэвэр эрчим хүчний өндөр эрэлтийг хангах боломж, бололцоог улс болгон өөрсдийн түвшинд судалж, хямд эх үүсвэрийн эрэлд гарч байна. 

Сэргээгдэх эрчим хүчний үнэ цэнэ тэр хэрээр улам нэмэгдэж, олон улсын түвшинд томоохон санаачилга, хөдөлгөөн өрнөж буй. Цэвэр эрчим хүчний эрин үеийн талаар олон улсын түвшинд илүү “амбийц”-тайгаар хөндөж, энэ салбарын хэтийн ирээдүйг нааштай зураглаж эхэллээ. Энэхүү шинэ нөхцөлд дасан зохицох шаардлагатай болж байна. Тиймээс Зүүн хойд Азийн орнууд эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар санаа нийллээ. Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээрээ БНХАУ, АНУ, Бразил, ХБНГУ, Канад эхний тавд орж байна. Эдгээр орноос бидэнд суралцах, технологийн ололт, дэвшлийг нь дотооддоо нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага ч гарсаар. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох ажлыг Монголд хэрэгжүүлэх хүрээнд судалгааны ажил нь одоо явагдаж байна. Судалгааны ажилд олон улсад туршлагатай Францын “Electricite de France” компани хамтран ажиллаж байгаа бөгөөд судалгаа 2019 он хүртэл үргэлжлэх ажээ. 

2011 онд Япон улсад болсон байгалийн гамшигаас үүдэж Фукушима дахь атомын цахилгаан станц хэрхэн аюул учруулдагийг Софт Банкны үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Масаёши Сон ойлгожээ. Тэрээр цаашид зөвхөн аюулгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэх зорилгыг урдаа тавьсан юм. Өнөөдрийн байдлаар тус компани нь Хятадын Стэйт Грид, Солонгосын Кепко, Оросын Россети нартай Азийн сүпер сүлжээг бий болгохоор тохиролцсон байна. Үүний зорилго нь Оросын усан цахилгаан станцуудаас үйлдвэрлэсэн цахилгааныг, Монголын нар, салхины эрчим хүчийг тус тус Япон, Солонгосруу нийлүүлэх төсөөлөлтэй юм. 

Манай улсын хувьд нар, салхины арвин нөөцтэй. Үүндээ түшиглэн бүс нутгийн томоохон тоглогч байх бүрэн боломжтой юм. Говийн бүсийн нар, салхины эрчим хүчний нөөцийг 2.6 Тераватт байна гэсэн тооцоо судалгаа бий. Энэ дүнгээс харахад, нарны эрчим хүчний нөөц хангалттай байна. Эдийн засгаа тэтгэх, улмаар эрчим хүчний хамаарлаас бүрэн гарах өгөгдөлдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх боломж байсаар. Уг боломжоо ашиглан олон улс дамнасан эрчим хүчний коридорыг бий болгох нөөц нь байна. 

Зүүн хойд Азийн бүсэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх үүд хаалга бидний өмнө чухамдаа нээгдэж байна. Энэ бүсэд манайхаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон улс багтдаг. Эдгээр орны эрчим хүчний эрэлт, хэрэгцээ ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Учир нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй тус бүс нутагт дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд оршино. Тэд дэлхийн эдийн засгийн тавны нэгийн бүрдүүлж байгаа юм. Уг үзүүлэлт нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт, хэрэгцээг нь илүү тодотгох аж. 

Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний салбар дахь нэгдэл сүүлийн үед хүчээ авах болсон. Гэхдээ БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад тулгамдаж буй сорилтын нэг нь эрчим хүчний хангамж юм. Хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагт эдгээр орны эрчим хүчний импортын хамаарлын хувь хэмжээ өндөр хэвээр байна. Энэхүү хэрэглээг хангах боломж нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй манай улсад бий. Бүс нутгийн өсөн нэмэгдэж хэрэглээ эрчим хүч экспортлогчдын хараанд хамгийн ихээр өртөх болсон. Энэ нь өрсөлдөөн цаашид улам ширүүсэх эхлэл. Манай улсын хувьд салхинаас гарган авсан эрчим хүчээ тэр хэрээр экспортлох боломж, бололцоо бүрдэх юм. 

Азийн эдийн засгийн 70 гаруй бүрдүүлж буй Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний зах зээл бидний өмнө байгааг эхэнд тэмдэглэсэн. Нарны энергийн нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог, жилийн 270 хоногт нь цэлмэг нартай байдаг манай улсын хувьд бусад улстай харьцуулахад давуу тал ихтэй. Тухайлбал, газарзүйн байрлал дээрх боломжийг улам тодотгож байна. Дэлхийн нийт эрчим хүчний тавны нэгийг дангаар хэрэглэдэг БНХАУ хэдий сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд багтдаг ч дотоод хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэ нь хил залгаа манай улсын хувьд нэг талаар эрчим хүчээ экспортлох зах зээл дэргэд байгааг өгүүлнэ. 

Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу дэлхий даяар шилжиж байна. Манай улс ч гэсэн энэхүү шилжилтийн замдаа орсон. Хэдэн жилийн өмнө нарны цахилгаан үүсгүүртэй айл хаа нэг дайралддаг байсан бол одоо малчин өрх бүхний энгийн хэрэглээ болон хувирсан байна. “100 мянган нарны гэр” үндэсний хөтөлбөрийн үр дүнд малчид лаа, шүдэнзээ нарны дэлгэцээр сольсон билээ. Эдгээр нь өнгөрсөн цаг дээр үлдэж буй ажлууд. Харин ирэх цагийн өнгийг эрчим хүчний экспорт тодорхойлохоор байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогодоо тусган Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болсон нь дэвшил. Үнэ тарифыг баталгаажуулан, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг ч тодорхой болгосон. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах орчныг бий болгоод байна. Энэ болгоны үр дүнд 2020 он гэхэд эрчим хүчний салбарт эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 20, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлж, экспортлох боломжтой болох юм. Одоогийн байдлаар хэрэглэж буй эрчим хүчний хэрэглээнийхээ долоон хувийг усан цахилгаан болон салхины станцаас гарган авч байна. 

Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт цөөнгүй төслийг амжилттай хэрэгжүүлсэн ололт бий. Тухайлбал, Төв аймгийн 50 МВт-ын “Салхит”, Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд одоо хэвийн ажиллаж байна. Одоо хэрэгжиж буй гэвэл Цогтцэций, Сайшандын 50 МВт-ын хүчин салхин цахилгаан станцыг нэрлэж болох юм. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл хэрэгжиж байна. Дэлхийн чиг хандлагыг тодорхойлж буй сэргээгдэх эрчим хүчний салбарт бүл нэмэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос 13 нарны станц, зургаан салхин станц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээр нь Зүүн Хойд Азийн зах зээлд эрчим хүчээ экспортлох тэрхүү боломжийг улам бэхжүүлэх учиртай. Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна. Ялангуяа салхины эрчим хүчний төсөлд хамтрах хүсэлтэй, энэ салбарт элэгтэй хүмүүс хүрээгээ тэлсээр. Энэ нь боломжийг улам нэмэгдүүлэх хөшүүрэг юм. 

Б.Баяртогтох 

Ашигласан эх сурвалжууд

https://www.bloomberg.com/politics/articles/2017-06-13/friend-says-trump-is-considering-terminating-mueller

https://www.weforum.org/agenda/2017/02/how-circular-and-sharing-economy-models-can-create-a-more-resource-efficient-society-in-china?utm_content=buffer10ade&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer

https://www.adb.org/projects/48030-001/main#project-pds

http://www.renewableenergyworld.com/articles/2016/10/the-asia-super-grid-countries-join-together-to-maximize-renewable-energy.html

https://www.weforum.org/agenda/2017/02/how-circular-and-sharing-economy-models-can-create-a-more-resource-efficient-society-in-china?utm_content=buffer10ade&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer

http://www.news.mn/mobile/1769?isDesktop=1&night=0

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж