Амралтын улирал эхэлснээс хойш гэнэтийн осол нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Амралтын улирал эхэлснээс хойш гэнэтийн осол нэмэгджээ

Хийл хөгжмийг дэндүү гэмээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг өчигдөр өөрийн Facebook хуудсандаа аз жаргалтай агшин бүхий гэрэл зургаа оруулжээ.

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. 

2017 оны зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар есөн аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 17 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө. 

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Аврах ангийн аврагчид Гачуурт болон олноор цуглах нийслэлийн орчим газарт ажиллаж эхэлжээ. Өнөөдөр гэхэд зарим газарт аврах дадлагыг эхлүүлэв. 

Усанд осолдох хоёр шалтгаан байна. Нэгд, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй хаянаас болж, осолдох аюул тулгардаг. Хэдийгээр эцэг, эхэд хүүхэд орхиж явахгүй байхыг сануулдаг ч хүүхэд тоглож байгаад усанд эндэж, амь насаа алдахад хүрч байна. Нөгөө нь томчууд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж, осолдох аюулд хүрдэгийг албаныхан тайлбарлаж байна. 

Туул голын дагуу орчмоор Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Зайсан болон Сонсголон, Яармагийн гүүр орчим анхаарал тавих бүсэд хамаарч байна. Эдгээр газруудад иргэд олноор очиж, амрах нь их болсноос үүдэн гэнэтийн осолдох аюул их болжээ. Сүүлийн жилүүдэд наадмын үеэр амралт олон хоног үргэлжилж байгаагаас үүдэн аялах иргэдийн тоо нэмэгджээ. Энэ жил халах төлөвтэй байгаа учраас наадмын урт хоногийн амралтын өдрүүдэд байнгын бэлэн байдалд бэлтгэлтэй ажиллахаар бэлтгэж байгаа аж. 

Онцгой байдлын газраас Цагдаагийн газартай хамтран гол мөрний хажуугаар байнгын эргүүлийг хийгээд эхэлжээ. Харамсалтай нь, зарим иргэд үүнийг ойлгож, ам зөрөх асуудал гардагийг хэлж байв. Өөрсдийнх нь төлөө шаардлага тавихад сэрэмжлэх битгий хэл өөдөөс нь элдвээр доромжлох нь олон байдаг байна. Санаандгүй богинохон хугацаанд болгоомжлолыг үл алдан анхааралтай байхыг Онцгой аврах ангийн албан хаагчид хэлж байв. Тэд хэдийгээр аврах үүрэгтэй ч иргэд маань өөрсдөө аюулгүй, болгоомжтой амарч зугаалах нь тэдний ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй өөрсдийнхөө эрүүл, аюулгүй орчныг сайжруулна гэдгийг онцолсон юм. 

Нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүн урин дулааны цаг болж байгаатай холбогдуулан гол усан дээр ажиллах, эрэн хайх, аврах ангийн дадлагыг хийдэг байна. Тус ангийн 200 гаруй аврагчид БНСУ-д сургалтад хамрагджээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд Монгол-БНСУ-ын аврагчид хамтарсан сургалтыг Гачууртад эхлүүлээд байна. 

Энэхүү сургалтад Сөүл хотын Аврах тусгай ангийн эрэн хайх газрын дарга Мин Жүн Ги даргын удирдлагад И Сан Ён, Бан Сан Чол нарын аврагчид ирж, манай залууст туршлагаасаа хуваалцаж байна. Мөн Сөүл хотын зүгээс Монгол Аврах ангийн бүрэлдэхүүнд тоног төхөөрөмжийн тусламжийг үзүүлжээ. 

Аврах ангийн албан хаагчид одоогоор хамгийн сүүлийн үеийн буюу АНУ-аас авчирсан моторт завиар аврах ажиллагааг хийдэг байна. Сүүлийн жилүүдэд аврах ангийн тоног төхөөрөмж сайжирчээ. 
БНСУ-ын Сөүл хотын Аврах тусгай ангийн эрэн хайх газрын дарга Мин Чүн Ги Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Тэрбээр “Өнөөдөр Монгол, БНСУ-ын аврагчдын хээрийн дадлага эхэллээ. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байгаагийн илрэл болж байна. Монголын аврагчид ур чадвартай гэдгээ энэхүү дадлагаар харууллаа. Хэдийгээр сүүлийн үеийн багаж, хэрэгсэл дутмаг байгаа хэдий ч аврах ажиллагааны явцын байдал маш сайн байгаа нь харагдлаа. Манай улсад аврах ангийн томоохон бүрэлдэхүүн байдаг. Хан мөрнийг дагасан 31 гүүр байдаг бөгөөд түүнээс долоон гүүр хамгийн хүнд нөхцөлд харьяалагддаг ч бүгд камержиж, дохиоллын системтэй болсон. Энэ нь урьдчилан сэргийлэх том гарцыг бий болгож өгдөг. Тиймээс аврах ангийн нэг гол шалтгаан бол сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглах явдал байдаг. Монгол аврагчын ур чадвар сайн байгааг олон зүйлээс харж байна. Техник, тоног төхөөрөмж хэдийгээр бүрэн гүйцэд болоогүй ч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байна.” гэсэн юм. 

ҮЕР УСНЫ АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? 

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж