Ц.Мөнх-Оргил Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон нар уулзав

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргил Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон нар уулзав

Баярын өдрүүдэд эмнэлэгийн байгууллагуудын ажиллах байршил, цагийн хуваарийг толилуулъя.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсонтой уулзав.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалахын салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлов. Саяхан хүчин төгөлдөр болсон “Ил тод байдлын хэлэлцээр” зэрэг баримт бичгүүдийг хэрэгжүүлж, америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүхий л бололцоог ашиглан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, америкийн бизнес, аж ахуйн нэгжийг үүнд нэгдэн орохыг уриалав. Мөн хоёр улсын хоорондын боловсрол, соёлын харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон энэ жил тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд ийнхүү айлчилж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Монгол Улс нь дэлхийн хоёр их гүрний дунд оршдог, томоохон зах зээлд нэвтрэх стратегийн ач холбогдолтой байршилтайг  дурьдаж, эдийн засгийн хувьд өөрийн онцлог, давуу талыг хөгжүүлэхийн чухлыг онцлов. Мөн тэрбээр Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсонд талархал илэрхийлж, бүс нутаг, олон улсын тавцанд болж буй үйл явдлын талаар санал солилцов.

Сайд Ц.Мөнх-Оргилын АНУ-д хийж буй айлчлал нь хоёр улсад шинэ Засгийн газар тус бүр байгуулагдсанаас хойш монголын талаас сайдын түвшинд хийгдэж буй анхны айлчлал бөгөөд АНУ-ын шинэ Засаг захиргааны өндөр албан тушаалтан, америкийн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулах, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцэн тодорхойлоход ач холбогдолтой болов.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж