Шилдгүүд УАШТ-ийг өнжиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Шилдгүүд УАШТ-ийг өнжиж магадгүй

Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох билээ. Олимп, дэлхийн аварга тэргүүтэй Монголын төдийгүй тив, дэлхийн шилдэг жүдочдын өрсөлдөх энэ оны улсын хэмжээний анхны томоохон тэмцээнд харамсалтай нь Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, “Masters” тэмцээний аварга С.Мияарагчаа нар бэртлийн улмаас оролцохгүй байж магадгүй боллоо.

Учир нь улсын аварга шалгаруулах тэмцээний 66 кг-д өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байсан дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд өнгөрсөн бямба гаригийн бэлтгэлийн үеэр тохойндоо бэртэл авчээ. Түүний баруун тохойны яс цуурсан тул одоогоор бэлтгэлээ зогсоон, эмчилгээ хийлгэж байна. Мөн дэлхийн аваргатай хамт нэг жинд зодоглодог ОУХМ С.Мияарагчаагийн хувьд хэд хоногийн өмнө өвдөгний шөрмөс сунаж, хуучин бэртэл нь сэдэрсэн тул улсын аваргад өрсөлдөх, үгүйгээ хараахан шийдээгүй байна.

Ямартай ч дасгалжуулагч, эмч нарын зүгээс тэмцээн эхлэх хүртэлх хугацаанд тэдний бэртэл, гэмтлийн байдал ямар байхыг харж байж УАШТ-д оролцуулах үгүйг шийдэх бололтой.  Хэрэв хоёр тамирчин энэ удаагийн улсын аваргыг өнжвөл жүдо бөхийн холбооноос зохион байгуулах улсын чанартай дараагийн тэмцээн буюу улсын аваргын сорилд оролцож, тив, дэлхийн аваргад өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөх болж байна.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж