Хар тамхиар үйлчилбэл тусгай зөвшөөрлөө цуцлуулна

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Хар тамхиар үйлчилбэл тусгай зөвшөөрлөө цуцлуулна

Монголын Залуучуудын холбооноос салбар салбарын төлөөлөл болсон шилдэг залуусыг тус холбооны тэргүүн дээд шагналуудаар шагнах гэж байна.

Засгийн газар хар тамхи, мансууруулах бодистой хийх тэмцлээ эрчимжүүлж, зарим хатуухан зохицуулалтын арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. 

Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодисыг өөрийн байрандаа борлуулсан, түүгээр үйлчилсэн баар, ресторан, ер нь ямар ч байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог байх зохицуулалт хийхээр болж буй аж. 

Энэ чиглэлээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарыг ажиллахыг үүрэг болгож, холбогдох шийдвэрийн зохицуулалтыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон байна. 

Иймээс энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, батлагдсан нөхцөлд хар тамхитай хийх тэмцэл зөвхөн хэрэглэгч, борлуулагчаар хязгаарлагдахгүй, түүгээр үйлчилдэг, худалдан борлуулах боломжийг олгодог баар, цэнгээний газраас эхлээд бүхий л газруудад тавигдах хяналт чангарах юм. 

УИХ-аар өнгөрсөн тавдугаар сард хар тамхи, мансууруулах төрлийн бодистой тэмцэх чиглэлээр холбогдох газрууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх асуулгын хариуг сонссон. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын өгсөн мэдээллээр бол 2006-2016 онд үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд нийт гэмт хэргийн 0,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байдаг байна. Үүнээс 82,1 хувь нь Улаанбаатар хотод, 17,9 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бөгөөд жилд дунджаар 32, сард 2,7 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан. 

Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, 9 эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байгаа. 

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор үндэсний хөтөлбөр батлуулсан. Хөтөлбөрт төрийн байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлыг оновчтой болгох, чиг үүрэг бүхий байгууллагын үүргийн давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах ажлыг зохион байгуулна. Иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авна.

Үүний зэрэгцээ хууль сахиулах, эрүүл мэнд, шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчдыг мэргэшүүлж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж