NBA-гийн од Дэнис Родмэн өнөөдөр Пхеньянд очжээ. Тэрбээр Бээжингээр дамжин Хойд Солонгост очсон бөгөөд түүний энэ аялал АНУ-ын Төрийн Департаменттай холбоогүй гэсэн тайлбар өгсөн хэмээн CNN мэдээлжээ.
Родмэн Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай найз бөгөөд Хойд Солонгост хэд хэдэн удаа очиж байсан. Сүүлд 2013 онд очиж, сагсан бөмбөг тоглолтыг үзэж сонирхсон нь тухайн үедээ хэвлэлээр цацагдаж байсан.
Родмэний аяллыг цахим мөнгөний PotCoin компаний санхүүжүүлсэн нь илүүтэй анхаарал татаж байна. Пхеньянд газардахдаа Родмэн PotCoin-ий лого бүхий саравчтай малгай, цамцтай буужээ.
“Хойд Солонгост цагийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна. Мэдээж удирдагч Ким Чен Унтай уулзана. Миний аяллын ач холбогдлыг ойлгож, аялах боломжийг олгосон PotCoin-д талархлаа” хэмээн Родмэн бичжээ.
PotCoin нь 2014 оноос АНУ-д ашиглаж байгаа цахим мөнгө бөгөөд хар тамхины наймааны төлбөрийн хэрэгсэл болж байгаа гэсэн шүүмж хүчтэй өрнөж байгаа юм.
А.ТУЛГА