Энэ жилийн Элсэлтийн шалгалтын ОНЦЛОГ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Энэ жилийн Элсэлтийн шалгалтын ОНЦЛОГ

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны зургадугаар сарын байдлаар 47.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 мянган хүн буюу 13.6 хувиар өссөн тухай үзүүлэлтийг Статистикийн үндэсний хорооноос мэдээллээ.

11:45 минут… Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуулийн үүдэнд монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр хүүхдүүд дугаарлан орцгоож байв. 

“Шалгалтын байр руу цүнх, гар утас, тооны машин гээд юу ч авч орохгүй шүү” хэмээн зохион байгуулагч багш сануулна. Гэвч цөөнгүй хүүхдүүд “Үүргэвчтэй цүнхээ үүдэнд үлдээж болохгүй юу. Эдгээр зүйлсээ хаана, хэнд үлдээх юм бэ” гэсэн асуултыг зохион байгуулагч багшаас асууж байв.

Тэрбээр шалгалт удахгүй эхлэх гэж байгаа учраас мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд шалгалт өгөхөөр ирсэн хүүхдүүдэд хандан “Бүрэн дунд боловсролын гэрчилгээгүй бол шалгалтад орохгүй шүү. Өнөөдөр 1978 онд төгссөн төгсөгч хүртэл шалгалт өгөхөөр ирсэн байгаа” гэсэн юм. 

Монгол хэл, бичгийн шалгалтаа өгөхөөр дугаарлан зогсож буй Б.Мөнхжаргал “Би Дархан хотод арван жилийн сургуулиа төгссөн. Монгол хэл, бичгийн шалгалтаа сайн бэлдсэн. Энэ жил нийт таван хичээлээр ЭЕШ-аа өгнө. Тэгээд Хууль сахиулахын их сургуульд суралцах бодолтой байгаа” тухайгаа ярилаа. 

Харин Б.Батзулын хувьд өнгөрсөн жил Нийслэлийн дөрөвдүгээр сургуулийг төгссөн байна. Тэрбээр энэ жил дахин ЭЕШ өгч, оноогоо дээшлүүлэхээр шалгалт өгч байгаа аж. Монгол хэл, бичгийн шалгалтын хувьд заавал өгөх ёстой шалгалт учраас өгөх гээд зогсож байна гэсэн юм. 

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдрөөс /2017.06.14/ орон даяар эхэлж байна. Өнөөдөр 12 цагаас ЭЕШ-д бүртгүүлсэн бүх шалгуулагч заавал монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх ёстой билээ. Ингээд ЭЕШ-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулсан юм.

МАРГААШ АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТТАЙ

-Маргааш буюу зургадугаар сарын 15-ны өдрийн 10 цагаас ЭЕШ-ын үндсэн 10 хичээлийн нэг болох Англи хэлний шалгалт эхэлнэ. Бүх шалгалтыг хуваарийн дагуу эхлүүлэхээр бэлтгэлээ хангасан байгаа. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 40388 шалгуулагч бүртгүүлсэн. Эдгээр шалгуулагчийг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 байранд шалгалтыг зохион байгуулж байгаа. 

ҮНДСЭН ДӨРВӨН БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛНЭ

-Шалгуулагчид шалгалтын байранд үндсэн дөрвөн бичиг баримт бүрдүүлнэ. Үүнд баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт бүрдүүлэн ирэх ёстой. Мөн шалгалтаа өгөхдөө цаг хугацаандаа ирэх хэрэгтэй. Шалгуулагч тухайн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байна. Ялангуяа нийслэл хотын замын түгжрэл, ачааллаас болж хоцрох тохиолдол гардаг. 

ГАР УТАС, ТООНЫ МАШИН, ЦҮНХТЭЙ ОРУУЛАХГҮЙ

Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд зааснаар шалгалтад авч орохыг хориглосон зүйлс гэж бий. Тодруулбал гар утас, тооны машин, томъёо хураангуй зэргийг шалгалтын байр руу авч орохыг хориглоно. Хэрвээ эдгээр зүйлсийг авч орсон бол тухайн шалгалтын дүн оноог хүчингүйд тооцох хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг сануулж байна. 

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТЫН БАТЛАМЖ АВНА

-Монгол хэл, бичгийн шалгалтыг шалгуулагчид заавал өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт долдугаар сарын 1-нд гарна шүү дээ. Тэгэхэд монгол хэл, бичгийн шалгалт гээд тусдаа нэг батламж хуудас өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас гэсэн батламж хуудас авна гэсэн үг. Энэ хоёр батламж хуудас маань хамт байж Их, дээд сургууль, коллежид элсэн суралцах үндсэн гол баримт бичиг болох юм. 

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ГАРААР ЗАСДАГ

-Энэхүү шалгалтаар тухайн шалгуулагчийн эссэ бичих чадвар, найруулан бичих даалгавруудад оруулж өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтын материалыг манай төвөөс бэлтгэсэн мэргэжлийн багш нарын тусламжтайгаар тусгай вакум орчинд гараар засах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл нийт 40388 шалгуулагчийн шалгалтын бүх материалыг нэг бүрчлэн гар аргаар засна гэсэн үг.

ХЯНАЛТЫН КАМЕР, СОНСОХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛСАН

-Шалгалтын байранд хяналтын камер, сонсох төхөөрөмжийн анги бүрт байршуулсан. Шалгуулагчдыг гар утасгүй оруулах үүднээс металь илрүүлэгч ажиллаж байна. Ямар нэг тог цахилгаан тасрах эрсдлээс сэргийлж тог баригч ашиглаж байгаа. Интернет гэх мэт тухайн шалгалтын байранд хэрэгцээтэй төхөөрөмжүүдийг бүрэн хангасан байна. Зөвхөн шалгалтын байр болгон дээр хүүхдүүдийг гар утасгүй оруулах талаас нь цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж