Дэлхийн Итгэмжлэлийн өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн Итгэмжлэлийн өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхийд ганцхан монгол түмний аугаа их баяр наадам ир нь ханасан алтан тууртын хийморийн тоосонд, бяр нь амтагдсан аварга хүчтэнүүдийн дэвээнд өндөлзөж, цэц нь жигдэрсэн эрхий мэргэдийн уухайнд омогшиж, дэлгэр сайхан эхэлж байна.

Олон улсын итгэмжлэлийн Форум (IAF) болон Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас хамтран санаачилсны дагуу жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг “Дэлхийн итгэмжлэлийн өдөр” болгон зарлаж, 9 дэх жилдээ тэмдэглэж байна.

Энэ жилийн дэлхийн итгэмжлэлийн өдрийг Олон улсын Итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас “Итгэмжлэл нь барилгын салбарт итгэлийг бий болгоно” уриан дор арга хэмжээ зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь барилга, байгууламжийн чанар, аюулгүй, эрүүл ахуйн байдлыг хангахад гүйцэтгэх итгэмжлэл, стандартчилал, тохирлын үнэлгээний байгууллагын үүрэг хариуцлагыг тодотгож, ач холбогдлыг өндөржүүлж байна гэж ойлгож байна.
Барилгын салбар нь эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчны асуудалд чухал нөлөөтэй бөгөөд нийтийн аюулгүй байдлыг хангах, чанаргүй барилга, байгууламж бий болох эрсдэлийг арилгахын тулд барилга үйлдвэрлэл, барилгын захиалагч болон гүйцэтгэгч, загвар бүтээгч, архитекторууд, бүтээцийн болон иргэний байгууламжийн салбарт тохирлын үнэлгээний зөв тогтолцоог бий болгох шаардлага тавигдаж байна.

Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг төрийн шийдвэр гаргах байгууллагууд хэрэглэх, ашиглах, хүлээн зөвшөөрөх оновчтой механизмыг бий болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Стандарт, хэмжил зүйн газраас зорилт, хөтөлбөр боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан нь Засгийн газраас бодлогоор дэмжлэг үзүүлж байгаагийн илрэл юм.

Энэ жилийн Дэлхийн итгэмжлэлийн өдрийг үндэсний итгэмжлэлийн байгууллага нь Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын “Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийн хүрээг сорилт, шалгалт тохируулгын лабораторийн итгэмжлэлээс гадна техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн үйл ажиллагаагаар 2016 онд өргөтгөсөн, Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын Харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэх ижил түвшний үнэлгээнд бүтээгдэхүүн ба менежментийн 3 төрлийн тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр амжилттай үнэлэгдсэн зэрэг хийж бүтээсэн ажил үйлс, амжилт арвинтай угтаж байна. Тун удахгүй 6 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотод болох Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий чуулган, хуралдаанаас Монгол улсын итгэмжлэлийн тогтолцоог Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн чиглэлээр итгэмжлэлийн үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэх шийдвэрийг батална гэдэгт бид итгэлтэй байна.

Эх сурвалж: стандарт, хэмжилзүйн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж