Өнгөрсөн онд Хойд Солонгост баривчлагдан шүүхээс ял авсан АНУ-ын харъяат оюутан залууг сулласан байна. Отто Фридерика Уормбир нь 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост аялах үеэрээ ханан дээр наасан ухуулгын хуудсыг хуулж хулгайлах гэснийхээ 15 жилийн ял авсан юм.
“Ерөнхийлөгч Трампын заавраар Төрийн Департамент Отто Уормбирыг чөлөөлөхөөр яриа хэлцээ өрнүүлсэний дүнд тур суллагдлаа. Отто Уормбир одоо нутаг руугаа ирж яваа, удахгүй гэрийнхэнтэйгээ уулзана” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэвлэлд мэдээллээ.
Отто Уормбирээс гадна АНУ-ын харъяат дахиад гурван иргэн одоо Хойд Солонгост баривчлагдаад байгаа бөгөөд тэднийг мөн суллуулах талаарх яриа хийгдэж байгаа Төрийн нарийн бичгийн дарга онцолсон байна.
Уормбирийн эцэг эх Washington Post сонинд өгсөн ярилцлагадаа хүү нь комийн байдалд байгаа гэжээ. Өнгөрсөн жил болсон шүүх хурлын дараахан түүний биеийн байдал муудаж, ботулизм гэсэн онош тавигджээ. Хойд Солонгосын албаны хүний мэдээллээр Уормбир нойрсуулах эм уусан учраас комд орсон гэжээ.
Виржинийн их сургуулийн оюутан 22 настай Отто Уормбир 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгост саатуулагдсан. Энэ талаар Хойд Солонгосын албан мэдээнд “аялагч дайсагнасан үйлдэл” гаргасан хэмээн мэдээлсэн. Шүүх хурал 2016 оны гуравдугаар сард болж түүнд 15 жил хөдөлмөрийн лагерьт ажиллуулах шийтгэл ногдуулсан юм.
Энэ оны хоёрдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр Уормбир зочид буудлын хананд өлгөөтэй байсан ухуулгын хуудсыг хуулж хаяснаа хүлээн зөвшөөрч энэ үйлдэл нь Хойд Солонгосын ард түмэнд хохирол учруулах зорилготой байсан хэмээн мэдэгдсэн. Мөн ухуулгын хуудсыг өөрийн мөргөл үйлддэг сүмийнхний хүсэлтээр хуулж авсан, ийм ухуулах хуудас авчирбал 10 мянган ам.долларын үнэтэй хэрэглэж байсан машинаар солихоор тохирсон гэж энэ мэдээллийнхээ үеэр Уормбир бас хэлжээ.
Иймэрхүү хэвлэлийн бага хурлыг Хойд Солонгос тогтмол хийж, саатуулагдсан гадаадын иргэд тус улсын эсрэг гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрдөг ч энэ нь үнэн сэтгэлээсээ эсэхэд нь олон хүн эргэлздэг.
А.ТУЛГА