Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Баттулга оффшор бүсэд компанитай, тэр нь 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэх мэдээллийг МАН-ын гишүүн Ч.Ганхуяг хийсэн нь нийгэмд дуулиан дагуулаад буй. Ардчилсан намын зүгээс эл мэдээллийг гүтгэлэг хэмээн үзэж, шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаад хандсан. Үүнтэй холбоотойгоор Ч.Ганхуяг өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаад байцаалт өгсөн.
Иймээс “VS” буландаа МАН-ын гишүүн Ч.Ганхуяг, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай нарын байр суурийг онцоллоо.
Ч.Ганхуяг
МАН-ын гишүүн
Хэн нэгнээс аливаа зүйлийг далдлах зорилгоор олон компанийг хооронд нь эзэмшүүлж, эргээд өөрөө эзэмшиж буй хувь, компанид тавьж буй хяналтаа биднээс далдлах зорилготойгоор оффшор бүтцийг гаргаж ирдэг. Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа байна.”Камекс” компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулсан тухайн хүний регистрийн дугаартай, хаягтай бүртгэл байна. Мөн 2007 оны гуравдугаар сарын 15-нд шилжүүлж авсан бүртгэл байна. Бүртгэсэн хүн нь Сүрэн гэж байна. Энэ компанийг 2016 онд Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулсан гэдгийг энэхүү баримт нотлоод байгаа юм. Анх энэ компанийг байгуулаад ард хэмээх Батсүхээр дамжуулаад олон удаа шилжүүлсэн байгаа юм. Батсүх, Ядамсүрэн, Ядамсүрэн Батсүх гээд олон хүний нэр сольж, олныг төөрөгдүүлэх зорилгоор шилжүүлсэн байна. Сүүлд нь Баттулгын Намуун гэх өөрийн хүүхдээр дамжуулаад явсаар Сингапур улсын иргэд рүү шилжүүлсэн байна. Энэ нь баримттай. “Камекс” хэмээх компанийг Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч, нэрээ “Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу “Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчилсөн байна.
Мөн Х.Баттулга зам тээврийн хөгжлийн сайд байхдаа БНСУ-ын компанитай төмөр замын гэрээг хийсэн байдаг. Энэ компанийн захирал нь Вэн Лян Ван гэх хятад нэртэй хүн байгаа юм. Энэхүү гэрээг хийсний дараа хэдхэн хоногийн дараа данс руу нь 2 сая ам. доллар шилжин орсон байгаа юм. Энэхүү мөнгийг ард Батсүх рүү “Либертэй паспорт” буюу сураггүй алга болдог Ганбат гэдэг хүний компаниас “Их майдар” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК руу шилжсэн байна. Энэ зүгээр нэг банкны гүйлгээ биш, гэрээнд гарын үсэг зурсны дараа дансанд нь орж, цаашлаад нэр дэвшигчидтэй холбоотой хүмүүс, компани руу энэ мөнгө ороод гараад явчихсан байгаа юм. Үүнд Х.Баттулга олон аргаар няцаалт хийж байна. Миний олон түмэнд дэлгэсэн мэдээлэл бол баримттай гэдгийг онцолмоор байна.
Эх сурвалж “Shuud.mn” 2017.06.12
О.Магнай
Ардчилсан намын нарийн бичгийн дарга
Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк, твиттерээр манай нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой гүтгэлэг цацагдлаа. МАН-ын гишүүн Ч.Ганхуяг гэж хүн “Х.Баттулгын их хэмжээний мөнгө оффшор бүсэд байна” гэдэг гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацсан. Тиймээс бид уг асуудлыг албан ёсоор хууль хяналтын байгууллагад шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандлаа. Энэ асуудлаар нэр дэвшигчтэйгээ би ярилцсан. Тэрбээр “Надад оффшор дансанд мөнгө болон компани байхгүй. Харин тэр Ч.Ганхуяг гэдэг нөхөрт хандаж хэлэхэд “Хэрвээ оффшор бүст миний 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал, тэр мөнгийг өөрөө аваарай” гэж хэлсэн. Манай нэр дэвшигчийг сүүлийн жил гаруйн хугацаанд олон хэрэгт янз бүрийн байдлаар холбох гэж оролдож байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс оффшор бүсэд ийм их хэмжээний мөнгөтэй байсан бол аль хэдийн ил гаргачих байсан биз. Уг асуудлыг цагдаагийн байгууллагынхан түргэн шуурхай хуулийн хүрээнд шалгах байх гэж найдаж байна.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб 2017.06.12