Элэг бүтэн амьдралын үнэ цэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Элэг бүтэн амьдралын үнэ цэнэ

Элэг бүтэн амьдралын үнэ цэнэ

-Амьдралд хөл алдсан бүсгүйчүүд энгийн амьдралдаа эргэн ирлээ- 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангид 200 гаруй эмэгтэй ял эдэлж байгаа ажээ. Эдгээр бүсгүйчүүд хийсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж байгаа хэдий ч санамсар болгоомжгүй, эсвэл амь насаа хамгаалах гэж байгаад хэрэгтэн болсон хүн олон байдаг. Тиймээс шүүхийн шийдвэрээр зарим хүнийг хугацаанаас нь өмнө суллаж, эрх чөлөөт нийгэмд хүний ёсоор, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах боломжийг олгодог.

Бид хугацаанаасаа өмнө суллагдсан бүсгүйчүүдтэй уулзсан юм. Тэд Эх үрсийн баяраар энгийн амьдралд эргэн ирсэн билээ. Ингээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан М.Уранцэцэг, Н.Ганцэцэг нарын яриаг хүргэж байна.

М.УРАНЧИМЭГ: АЛДСАН ЦАГ ХУГАЦААГАА АЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ НӨХНӨ 

-Уучлаарай, та хэр удаан ял эдэлсэн бэ? 

-Би 2008 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Олон жил хоригдох ял сонсоод тэнгэр хөмрөх шиг л санагдаж байлаа. Энд янз бүрийн амьдрал үзсэн хүмүүстэй хамт байж олон зүйлийг тунгаан бодлоо. Муу зуршлаас хол байхыг хичээж, өдөр бүр өөртөө амлаж байна. 

-Та хугацаанаасаа өмнө суллагдаж байна. Цаашдын амьдралаа хэрхэн төсөөлж байгаа бол? 

-Би 33 настай. Намайг энэ хэрэгт байцаагдаж байхад ээж минь бурхан болсон. Өнчирч үлдсэн гурван дүү минь намайг энд эргэж тойрдог байлаа. Тэдэндээ ээж, хань түшиг нь болохоор яарч байна. Энд алдсан цаг хугацаагаа хөдөлмөрөөрөө нөхнө гэж төлөвлөж сууна. Ял эдэлж байхдаа оёдол, эсгүүрийн дамжаанд сурсан. Энэ мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдарна гэдэгтээ итгэл төгс байна. Надад итгэл хүлээлгэн хугацаанаас өмнө тэнссэн сулласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуулд баярлалаа. Итгэлийг тань алдахгүй гэдгээ амлаж байна. 

Н.ГАНЦЭЦЭГ: ХҮҮХДҮҮДДЭЭ ЗОРИУЛЖ ЧАДААГҮЙ ХАЙР, ХАЛАМЖАА НӨХӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА 

-Та ажил хийж, биеэр ял эдлэх хоёр жил гаруй хугацааг хасуулжээ. 

-Би 2008 оны аравдугаар сарын 2-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялаар шийтгүүлсэн. 9 жил 19 хоногийн ялыг биеэр эдэлсэн. Энэ урт хугацааг тасралтгүй ажиллаж өнгөрөөсөн. Тиймээс шагналын 2 жил 3 сар 7 хоног нэмэгдлээ. Ингээд нийт 11 жил 3 сар 26 хоногийн ялыг эдэлж дуусгажээ. Үлдсэн хугацаа 8 сар 4 хоног байсан.

Шүүхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж байгаад баяртай байна. Танд тэдэн сар, тэд хоног гэж яриад байгаа минь сонирхолгүй санагдаж магадгүй. Гэвч эрх чөлөөгөө хасуулсан хором бүхэн бидэнд хайран байдаг. Маш их гэмшиж, тунгаадаг. Найман сар, 4 хоногийн өмнө суллагдана гэдэг миний хувьд баяр баясгалан. 

-Таныг суллагдаж байгааг гэр бүлийнхэн чинь мэдсэн үү? 

-Нөхөр маань салаад явчихсан. Хоёр хүүхэд минь мэдэж байгаа. Тэдэндээ зарцуулж чадаагүй цаг хугацаа, хайр халамжийг нөхөхийг тэсэн ядан хүлээж байна. Тэд минь эцэг, эхийн хайр халамжийг мэдрэлгүй, дутуу нойртой, дундуур хоолтой өсөж байгаа гэж бодохоос дотор давчдаж, гол зурдаг. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшдэг. Мартаж чаддаггүй. Гэхдээ төрийн хайр ивээлийг дааж, гэмээ наминчилж явна. Энд хоригдож байхдаа оёдол, эсгүүрийн дамжаанд сурсан. Мэргэжлээрээ ажиллаж хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Эх сурвалж: ‘Өглөөний сонин’

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж