Хилэм нууранд осолдсон хөвгүүдэд юу тохиолдов

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Хилэм нууранд осолдсон хөвгүүдэд юу тохиолдов

ОУХМ Т.Баярмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр Гавьяат тамирчин цол, тэмдгээр энгэрээ мялаав.

Энд тэнд овоолсон хайрга, түүнийг тойрсон зам дагтаршсан сул шороо ихтэй болжээ. Тэр дунд таван километр үргэлжлэх Хилэм нуур харагдана. Загас үржүүлэх зорилгоор 10 гаруй жилийн өмнөөс арчилж тордож байсан дороосоо ундаргатай энэ нуурыг түшиглэж “Хилэм од” амралтын газар байгуулагджээ. 

Нуурын эргэн тойронд хайрга буюу карьерууд. Зарим нь эзэнтэй, зарим нь эзэнгүй. Эзэнтэй карьеруудын нэг нь Хилэм нуурын урдхан талд байрладаг ба байнгын сахиур айл амьдардаг аж. Гэтэл хоёр хоногийн өмнө /2017.06.12/ сахиур айлынд зуны амралтаа өнгөрүүлэхээр ирсэн хоёр хүүхэд осолджээ. Тэд загас үржүүлгийн Хилэм нуурыг сонирхож, загас хараад ирье гэж яваад, буцаж ирээгүй байна. Нуурын усанд осолдож, амиа алдсан харамсалтай үйл явдлыг бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс сурвалжлан, мэдээлж байна.

Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн цаана байх Хилэм нуурын усанд 10, 15 настай хоёр хүүхэд осолдож, амиа алдсан хэрэг энэ даваа гаригт /2017.06.12/ гарчээ. Харьяаллын дагуу хэргийг ХУД-ийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Талийгаач хүүхдүүд гэрийнхнээсээ загас үзээд ирье гэж удаан гуйсны эцэст ээжээсээ зөвшөөрөл аван, 15.00 цагийн орчимд гэрээсээ гарчээ. Хурдхан яваад ирнэ гэж хэлээд гарсан хүүхдүүд хоёр цагийн дараа гэртээ ирээгүйд гайхаж, гэрийнхэн нь тэдний араас явсан байна. Удалгүй хоёр хүү усанд осолдсоныг мэдэж, 17:40 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт болоод нийслэлийн аврах ангиас тусламж хүсчээ. 

Цагдаагийнхан болоод аврагчдыг очиход хоёр хүүгийн цогцос урсаж алга болсон байжээ. Ингээд дөрвөн цаг гаруй эрэн хайсны эцэст 21:00 цагийн орчимд аврагчид цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Хүүхдүүд эндсэн Хилэм нуурын гүн 15 метр, өргөн нь 350-450 метр, урт нь таван километр үргэлжилдэг. 

Талийгаач Т, Х нар ах дүүс бөгөөд таван насны зөрүүтэй. 15 настай, ах Т нь “Тэмүүжин өрлөг” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч байжээ. Хөвгүүдийн гэр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байдаг ба хэрэг гардаг өдөр Шувуун фабрикт карьерын сахиул хийдэг ахындаа очсон байна. 

ХУД-ийн Цагдаагийн II хэлтсийн хэв журмын ахлах байцаагч Н.Чулуунбаатар

“Хэргийн дуудлага ирэнгүүт хугацаа алдалгүй шуурхай очиж ажилласан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Сургууль, цэцэрлэг амарч, хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн үед эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан хамгаалах шаардлагатай байна” гэж ХУД-ийн Цагдаагийн II хэлтсийн хэв журмын ахлах байцаагч Н.Чулуунбаатар анхаарууллаа. 

Он гарсаар дөрвөн хүн усан осолдож, амиа алджээ 

Аврах ангийн 105 тусламжийн утсанд он гарсаар усны холбогдолтой зургаан дуудлага бүртгэгджээ. Эндээс дөрөв нь усанд осолдож, амиа алдсан гэх дуудлага байв. 

“Өнгөрсөн 2016 онд нийт 81 удаагийн усны холбогдолтой дуудлага (Усанд осолдсон, голд унасан, мөс цөмөрсөн, автомашин голын усанд суусан, голын усанд боогдсон, үерийн усанд автсан гэх мэт) ирсэн бөгөөд 39 удаагийн дуудлага нь усанд осолдсон дуудлага байсан” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

2016 онд нийт усны холбогдолтой ослын дуудлагын 41.9 хувь нь долдугаар сард, 22.2 хувь нь наймдугаар сар, 20.9 хувь нь зургадугаар сард тус тус тохиолдсон байна. Мөн өнгөрсөн онд 37 хүн усанд осолдож нас барснаас 6-18 насны хүүхэд 12, насанд хүрсэн хүн 25 байжээ. Харин голын усанд осолдож амь насаа алдах эрсдэлээс аврагчид урьдчилан сэргийлж, шуурхай ажиллан 167 иргэний амь насыг авран хамгаалж ажилласан байна. 

Амралт зугаалгын улирал эхэлж, хүүхдийн хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас дахин онцгойлон сэрэмжлүүлж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж