Монголын анхны орлон тоглогчид | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголын анхны орлон тоглогчид

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Монголын анхны орлон тоглогчид

“NEWS” агентлагийн залууст зориулсан “Шинэ нэр” булангийн зочноор гудамжны урлагийн нэгэн төрөл болох паркоур урлагаар монголд анх хичээллэж эхэлсэн “Action crew” багийн залуус уригдлаа. 

“Action crew” багийнхан киноны тулааны найруулга, орлон тоглогчоор ажилладаг бөгөөд тэдний хоёр нь өдгөө БНСУ-ын “Жамп” театрт жүжигчин болжээ. 
 

“Монголд хотын гудамжаар олон машин хөөцөлдөж, мөргөлдөөд дэлбэрдэг зураг авалт хийх боломжгүй. Бас яг адал явдалт кино сонирхдог найруулагч байхгүй. Бид кинонд хамтран ажиллах санал хүлээж аваад очиход найруулагч нар ихэвчлэн Жэки Чан Брюсь Ли шиг биш, илүү амьдралд ойр тулалдахыг хүсдэг. Гэтэл бидний жинхэнэ хүсэж байгаа кино бол солиотой action кино шүү дээ” хэмээн  “Action crew” багийн ахлагч А.Лхагвасүрэн ярив. 

Түүний ярилцлагыг танд хүргэж байна. 

 

АЛТАНСУВД ЛХАГВАСҮРЭН: 1987.08.19

Төгссөн сургууль:

Дорнод аймгийн нэгдүгээр дунд сургууль /2005 он/ 

Мэргэжил: Орлон тоглогч

Одоо эрхэлж буй ажил: БНСУ-ын “Жамп” театрын жүжигчин 

Сошиал хуудас: Stuntman Laki /фэйсбүүк/


АНХНЫ АМЖИЛТ

-Бид анх багаа “Фантастик” нэртэйгээр 2006 онд байгуулж байлаа. Тухайн үед А.Лхагвасүрэн, М.Наранбаатар, Б.Нандин-Эрдэнэ гэсэн гурван залуу киноны орлон тоглогч болох хүсэлдээ хөтлөгдөн нэгдэж байсан юм. Бид өмнө нь таэквондогоор хичээллэдэг байсан учраас паркоур урлагийг илүү сонирхож эхэлсэн л дээ. 

“Загасан нүд” олон улсын кино наадамд хүртэл богино хэмжээний бичлэг явуулж оролцдог байлаа. Тэгээд л хамгийн анх 2007 онд “Хувилгааны эрэлд” кинонд тоглосон. Үүний дараагаар 2009 онд “Цагдаагийн тангараг” кинонд бас тоглож байлаа. 

Үүний дараа бидний хийсэн алдарт жүжигчин Жэки Чаны тоглосон ‘Би хэн юм бэ’ киноны тулаантай хэсгийг дууриасан бичлэг хийсэн. Бид тэр бичлэгээрээ Холливудын кинонд гардаг тулааныг монгол залуус хийж чадна гэдгийг харуулахыг хичээсэн юм. Хүмүүс ч “Их сайхан болсон байна” гэж хэлж, урам өгсөн. Бид Жэки Чаны тулаантай хэсгийг дууриахдаа монтаж монтажаар нь салгаж, удаашруулж байгаад нэг бүрчлэн цээжлээд давтаж байлаа. Тэр киноны дараагаар тулаантай олон киног дуурайх байсан боловч төсөл маань амжилтгүй болж, хэрэгжиж чадаагүй юм. 

Тайлбар нь: “Алдарт жүжигчин Жэки Чаны тоглосон ‘Би хэн юм бэ’ киноны тулаантай хэсгийг дууриасан бичлэг”

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ПАРКОУР УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН БЭ?

-Манай багийнхан гуравдугаар ангиасаа эхлэн бие хамгаалах урлагийн “Алтан нударга” холбооны  “Шинэ ирээдүй” клубт  таэквондогоор хичээллэж эхэлсэн. Миний хувьд анх Жэки Чан, Брюсь Ли нарын тоглосон киног үзээд л гол дээр очоод үсрээд л, элсэн дээр акробат эргэх гэж оролддог хүүхэд байлаа. Ер нь хүүхэд байхдаа “Мундаг зодолддог хүн болно” гэсэн бодолтой байсан. Бас их хөдөлгөөнтэй, хааяа үеийн жаалуудтайгаа зодолдчихдог хүүхэд байсан. Тэгээд л гадаадын тулаантай киноны баатруудыг дууриана. 

Бид анх паркоур урлагийн талаар “Ямакаси” гэх уран сайхны киног үзээд, танилцаж байлаа.  Тэр кино бол паркоур урлагийг дэлхийд анх таниулсан кино л доо. Манай багийнхан энэ урлагийн талаар интернэтээс илүү судалж эхэлсэн. Паркоур дотроо маш олон төрөлтэй гэдгийг мэдсэн. Бидэнд паркоур урлагаар хичээллэхэд багш гэж байгаагүй. Харин сүүлийн үед монгол залуус паркоур урлагаар олноороо хичээллэдэг болсон байна лээ. 

ПАРКОУР УРЛАГИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ?

Бид анх энэ урлагаар хичээллэж эхлэх үедээ паркоур хийх газраа их голдог байжээ. Гэтэл одоо бол заавал ийм газар гэж хайх шаардлагагүйгээр ямар ч газар байсан өөрөө сэтгээд хийж болох юм байна гэдгийг олж харж байна. Тухайн үед саадтай паркоур хийхэд тохиромжтой барилга байгууламж, соёл амралтын хүрээлэн гээд газрууд ховор байсан. Харин одоо Монголд паркоур хийж болох олон гудамж, талбай газрууд бий болсон байна лээ.

Давуу тал гэвэл хүний биеийн хөгжилд сайнаар нөлөөлнө. Илүүдэл жин, цусны эргэлтийг сайжруулж, булчингийн үйл ажиллагааг хөгжүүлнэ. Мөн паркоур хийж байх тухайн цаг үед хүний тархи маш хурдан ажилладаг. Хүн А цэгээс Б цэг рүү үсрэх тохиолдолд ямарч алдаа гарч болно. Жишээ нь: хөл халтирах эсвэл үсрэлтийн хүч дутах үед Б цэгтээ хүрч чадахгүй өндрөөс унахдаа яаж унах вэ гэж бодоод хүртэл амждаг. Тухайн үедээ унаж болох хамгийн аюулгүй байдлаараа унахыг хичээдэг, заримдаа ч тэр чигээрээ тас хийтэл нь унах нь бий. /инээв/

ЯМАР ЯМАР КИНОНД ОРЛОН ТОГЛОГЧООР ТОГЛОСОН БЭ?

-“Action crew” баг одоо зургаан гишүүнтэй болсон. Манай багийнхан одоо монгол киноны тулааны найруулга, орлон тоглогчоор ажиллаж байгаа. Багаа байгуулснаас хойш багаараа “Хувилгааны эрэлд”, “Цагдаагийн тангараг” гээд олон ангит киноноос гадна “Татар ажиллагаа”, “Анхаар дотор чимээгүй”, “Ану хатан”, “Жексон амьд” гэх мэт 20 гаруй уран бүтээлд хамтран ажилласан. Гэвч харамсалтай нь Монголын кино наадмуудад адал явдалт киноны төрлийн номинаци байдаггүй. Одоо монголд манай багийн залуус монголын дэлгэцийн уран бүтээлүүдэд хамтран ажиллаж байгаа. 

Тува улсын жүжигчин Эдуард Ондартай хамт

ОРЛОН ТОГЛОГЧ МЭРГЭЖИЛ ЭРСДЭЛТЭЙ УЧРААС ИХ ЗОРИГ ТЭВЧЭЭР ШААРДДАГ БАЙХ. КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХЭРХЭН ХАМТРАН АЖИЛЛАДАГ ВЭ?

-Тухайн хамтран ажиллаж буй кино болгонд бидний хүссэн тулааны хэсэг орж чаддаггүй. Нэгдүгээрт тоног төхөөрөмж байхгүй. Хоёрдугаарт тулааны хэсгийг авах хөрөнгө мөнгө байхгүй. Жишээ нь манай Монголд хотын гудамжаар олон машин хөөцөлдөж, мөргөлдөөд л дэлбэрдэг зураг авалт хийх боломжгүй. Бас яг адал явдалт кино сонирхдог найруулагч байхгүй байгаа. Бид кинонд хамтран ажиллахаар очихоор киноны найруулагч Жэки Чан Брюсь Ли шиг биш, илүү амьдралд ойр тулалдахыг хүсдэг. Тэгээд л хоёр хүн зууралдаад л зодолддог. Гэтэл бидний жинхэнэ хүсэж буй кино бол “солиотой action кино” шүү дээ. 

Орлон тоглогч хүн гэмтэж бэртэх, амь нас эрсдэх аюултай. Бид кино найруулагчтай ярилцаад, үнэ хөлсөө тохирдог. Нэг кино дээр хэдэн зураг авалт дэр ажиллах вэ гэдгийг ярилцана. Дунджаар нэг киноны 10-20 хувь нь л тулаантай хэсэг байдаг.  Тэр дундаас ямар ямар аюултай үзүүлбэрүүд байна, хэчнээн хүн ажиллах вэ гэдгээсээ ярилцаж ажилладаг. Солонгосын кино урлагт орлон тоглогчоор гурван өдөр ажиллахад гурван сая вонын цалин авдаг. Манай улсад адал явдалт кино хараахан сайн хөгжөөгүй байгаа учраас үнэлгээ нь ч харьцангуй бага байхыг үгүйсгэхгүй юм. 

МОНГОЛЫН КИНО УРЛАГТ ОРЛОН ТОГЛОГЧ МЭРГЭЖИЛТЭЙ ЗАЛУУС ХЭР ОЛОН БАЙДАГ ВЭ? 

-Бид энэ орлон тоглогч гэдэг мэргэжлийг мэргэжлийн сургуульд нь суралцаж, эзэмшээгүй. Манай залуус өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдэж, бор зүрхээрээ сурсан. Тиймээс ч зарим нэг найруулагчаар загнуулж, өөрсдөдөө итгэлгүй болж, шантрах үе байсан. Орлон тоглогч мэргэжлээр эх орондоо суръя гэсэн ч сурах сургууль нь байхгүй.

Дэлхийд БНСУ, Унгар улсад мэргэжлийн орлон тоглогчийг бэлтгэдэг их сургууль байдаг юм билээ. Монголд БНСУ-ын орлон тоглогч жүжигчний мэргэжлээр төгссөн Ганбаа гээд залуу бий. Унгарын сургуулийг монголын Н.Цогтсайхан гэх залуу төгссөн. 

СОЛОНГОС УЛСЫН “ЖАМП” ТЕАТР ХЭДЭН ЖИЛ ЖҮЖИГЧНЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ? 

-Би БНСУ-ын “Жамп” театрт жүжигчнээр ажиллаад жил болж байна. Манай багийн гишүүн Б.Нандин-Эрдэнэ бас энэ театрт дөрвөн жил ажиллаж байгаа. Би анх Солонгост таэквондогийн тэмцээнд оролцохоор ирсэн. Тэгээд энэ театрын талаар судлаад эх орондоо ирээд виза аваад явсан. Энэ театрт маань 20-40 насны уран бүтээлчид ажилладаг бөгөөд зургаан монгол залуу жүжигчин ажилладаг. Монгол залуус ур чадварын хувьд дутахааргүй, их тэвчээртэй учраас жүжигчид болон найруулагчид маань их сайшаалтай ханддаг. “Жамп” театр нь нэг зохиолоороо 14 жил тоглож байгаа театр юм. 

ГЭР БҮЛИЙНХЭН НЬ ХЭР ДЭМЖДЭГ ВЭ?

-Эцэг, эх болон эхнэр маань их дэмждэг. Намайг анх таэквандогийн клубт ээж маань хөтөлж оруулж байсан. 

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Бид өмнө нь паркоур урлагаар хичээллэдэг байсан бол одоо Трикинг урлагаар хичээллэж байгаа. Чөлөөт цаг гарвал байнга энэ үзүүлбэрийн урлагаараа хичээллэдэг. Солонгост энэ урлаг их хөгжсөн байдаг юм билээ. Паркоур гудамж дахь биетийг ашиглан, трук үзүүлдэг бол трикинг дэвжээн дээр тулааны урлаг, акробат урлагийг хослуулсан үзүүлбэрийн урлаг юм. Трикинг нь тэгшхэн талбай дээр 720, 900, 1080 градуст эргэлттэй өшиглөдөг. Монголд одоохондоо энэ чиглэлийн клуб байхгүй байгаа. 

ТАНАЙ БАГИЙН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Монголдоо очоод хамгийн түрүүнд адал явдалт /action/ уран сайхны кино хийх зорилготой байгаа. Монголд сүүлд 2007 онд бидний тоглосон адал явдалт “Хувилгааны эрэлд”, “Цагдаагийн тангараг” уран сайхны кино гарч эхэлснээс хойш энэ төрлийн кино бага багаар гарч эхэлсэн. Харин сүүлийн жилүүдэд монголд адал явдалт кино их хийдэг болсон. Тэр кино болгонд манай багийн залуус хамтран ажиллаж байгаа. 

Мэдээж бид монголдоо төдийгүй дэлхийн кино урлагт хүчээ үзэх мөрөөдөлтэй. Манай багийн гишүүн Наранбаатар буюу Нарука Холливудын “Марко Поло” уран сайхны кинонд орлон тоглогчоор ажилласан. Бид үүн шиг гадны адал явдалт кинонд орлон тоглогчоор ажиллах зорилготой. Тухайн үед манай багийн гишүүн Нарука хэлэхдээ “Бидний ур чадвар гадны уран бүтээлчдээс дутахгүй юм байна. Бид хэлээ л сайн сурч чадвал гадаадын кино зах зээлд үнэлэгдэж чадна” гэж хэлсэн. Мөн Холливудын киноны тулааны найруулагчийн ажиллаж буй зарчим бидэнтэй адилхан байсан нь их урам өгсөн шүү. 

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Бид одоо БНСУ-ын “Жамп”театрт ажиллаж, өөрсдийгөө хөгжүүлнэ. Бас энэ театрт жүжигчнээр ажиллаж, солонгос хэлийг сайн сураад, Солонгосын кино урлагт орох боломжийг эрэлхийлж байна. Ингэснээр монголын кино урлагт орлон тоглогчоор ажиллахаас гадна Солонгосын кино урлагт орлон тоглогчоор ажиллах төлөвлөгөөтэй байгаа. 

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Залуус маань хамгийн гол нь хүсэл сонирхол, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Ихэнх залуус өөрийн сонирхдог зүйлээ хөгжүүлж, тууштай хичээллэж чаддаггүй. Манай багт гишүүнээр элсэх хүсэлтэй олон залуус бий. Гэхдээ багт элсээд хэсэг бэлтгэл хийгээд л шантарч эхэлдэг. Энд тэнд паркоур хийдэг ч юм уу, бүжиглэдэг залуус нэгдэж гарч ирээд л алга болдог. Хэрвээ бид ямар нэг зүйлд тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрэх боломж бий шүү. Монголынхоо сайхан залууст хандаж “Хүсэл байвал зам бий болно” гэдэг сайхан үгийг хэлмээр байна.

ОРЛОН ТОГЛОГЧООР АЖИЛЛАСАН КИНО

  • 2007 “ХУВИЛГААНЫ ЭРЭЛД” О.А.МУСК
  • 2011 “ЦАГДААГИЙН ТАНГАРГА” МУСК (ГОЛД ДҮР)
  • 2012 “ЖЕКСОН АМИД” МУСК
  • 2013 “АНУ ХАТАН” МУСК  (ОРЛОН ТОГЛОГЧ)
  • 2013 “АНХААР ДОТОР ЧИМЭЭГҮЙ” МУСК
  • 2014 “ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА” МУСК
  • 2014 “МИНИЙ АХ АТАМОН” МУСК
  • 2014 “АР ХУДРАГА” МУСК
  • 2014 “ДАЙН” МУСК
  • 2014 “КОД” МУСК
  • 2015 “ЭЦСИЙН ЗОГСООЛ “Э” ЦЭГ” МУСК
  • 2014 “ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” МУСК
  • 2015 “ХҮСЭЛ” МУСК
  • 2015 “ИХ ХОТЫН ЗАЛУУС” О.А.МУСК
  • 2015 “БОХИР ЕРТӨНЦ” МУСК
  • 2016 “ҮРГЭЭЛЭГ 2” МУСК
  • 2017 “ГОВИЙН ДОМОГ” МУСК

ТЭДНИЙ УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭС

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2017-06-14 202.70.42.74

Anhnii orlon toglogchdiig \'\'Manduhai setsen hatan\'\' kinond OHU aas irsen bagsh beltgej unemleh olgoson tuuhtei Ter humuus kinond tulaanii zurgand orson yum gesen

байдаг юмуу 2017-06-14 202.131.225.197

Олон жилийн өмнө байсан хэд мөн шиг санагдах юм \nТа нар үлгэр дууриал болсон залуус шүү

Танил 2017-06-14 66.181.183.248

Зорилготой хөөрхөн хүүхэд дүүгээрээ дандаа бахархдаг шүү Хар багаасаа зорилготой байж тууштай явж байгаа чинь л хамгийн чухал та нар чаднааа

Stuntman laki 2017-06-14 223.62.203.152

Өөрийнхөө амьдарлаа алдаж байж мэдэж ухаар ч байснаас кино үзээд ухаарсан нь дээр гэж бодож байна

иргэн 2017-06-14 27.123.214.106

алаан хядаан цус нөж болсон кино ердөө хэрэггүй хүүхдүүдээ Тийм кинонд тоглоод байвал нас чинь богинсоно Тийм зүйлийг хүсээд өөртөө дуудаж байна гэсэн ү энэ бол амьдралд батлагдсан зүй тогтол Хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх кино хийцгээ Энэ улс орны хөгжил амгалан амьдралд маш их нөлөөтэй Муухай кинонууд залуучууд хүүхдүүдийг зэрлэгшүүлж хүнээ алдах хүмүүжилд сургаж нүд чихий нь муу муухай юманд дасгаж байна гэсэн үг Та нар нэг сайн төвлөрөөд сайн бодоод бүүр дээд өвөг здээдэстэйгээ холбогдоод үзээрэй

иргэн С 2017-06-14 103.20.152.202

"Action Crew" багийнхандаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье