Л.Болд: Бид улаан гараараа "үзэж" байна

Хуучирсан мэдээ: 2017.06.14-нд нийтлэгдсэн

Л.Болд: Бид улаан гараараа "үзэж" байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Төрийн ордны хэд хэдэн өрөөний цоожийг сольж, лац тавин, “хав даржээ”.

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Сонгуулийн өмнө МАН-ынхан танай Засгийн газрыг нэлээд шүүмжилж байсан. Харин одоо шинэ парламент бүтэн жил үйл ажиллагаагаа явууллаа. Энэ парламентын ажилд та бүхэн ямар дүгнэлт хийж байна вэ?

-МАН-ынхан сонгуулийн үеэр ард түмнийг түгшүүрт автуулж, эрх баригчдыг эргэлзээтэй нөхцөл байдалд хүргэсэн. Сонгуулийн маргаашаас хадны мангаа шиг яриа гаргаад, нөхцөл байдлыг улам хүндрүүлж, улам буруу замаар хөтөлж байна. Цаад зорилго нь ойлгомжтой. Биднийг шүүмжилж байсан, ярьж байсан асуудалтайгаа ижил зүйл хийж байна. Амлалтуудаасаа эрээ цээргүй буцсан. Тэдний үйлдэл улс төрийн намуудын болоод ард түмний итгэлийг дордуулсан. 

Нөгөө талаар валютын сантай тохирч болно. Гадаад харилцаандаа маш дорой хандаж, яриа хэлэлцээр хийсэн нь үнэхээр харамсалтай. Ийм хүнд цаг үед долоон төрлийн татвар нэмсэн, нийгмийн халамжийн бүх хөтөлбөрүүдийг байхгүй болгосон. Энэ бол хамгийн хэцүү амьдралтай айл өрхөд том цохилт болно. Нөгөө талдаа өмнө нь тохирчихсон байсан зээлүүдийн хэмжээг нэмж байна. Тэгээд ажил бүтээсэн юм шиг хандаад байгаа юм. Эдний бодлого хамгийн сөрөг тал руу яваад байгаа нь харамсалтай. Энэ бүхэн ирээдүйд итгэх итгэл, амьдрал ажлын төлөө зүтгэх, төр засагтаа итгэх сэтгэлд буруу дохио өгнө. Ингэснээр нийгэм тогтворгүй болох нөхцөл бүрдэнэ. Хэрэв МАН-ынханы 90 тэрбумын бичлэгт дурдсан яриа амьдрал дээр хэрэгжих юм бол сонгуульд итгэх итгэл байхгүй болно. Улс орон бүхэлдээ мухардалд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ? МАН-ынхан хариуцлага хүлээх чадваргүй гэдэг нь эдийн засагт хандаж байгаа хандлагаас ажиглагдаж байна. 

-Яг одоо улс орны эдийн засаг ямар байна вэ? Ардын намынхан бол зэсийн үнэ, нүүрсний үнэ нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалт орж ирээд эдийн засаг сэргэж байна гэдэг. Тэгвэл та улстөржилт оруулалгүй, бодитой дүгнэлт хийхгүй юу?

-Эдийн засаг сайжирч байгаа гэвэл худлаа. Өөрчлөгдөхгүй байгаа гэвэл үнэнд нийцнэ. Гадна талдаа итгэл найдвар бий болж байна. Тэр нь парламентын сайн, муугаас хамаарахгүй. Эдийн засгийн шийдвэр гаргах бүхий л нөхцөл бололцоог Олон улсын валютын сан /ОУВС/ хязгаарлаад авчихсан юм. Гадныхан одоо бол Монголыг ажиглана. Яагаад гэхээр сайн ч, муу ч Монгол Улсын эдийн засаг багцлагдсан учраас. Энэ талаас харвал үнэн, эдийн засаг сайжирч байна. Дээр нь юу сайжирсан бэ гэхээр зэс, нүүрсний үнэ өөрчлөгдсөн. Үнэ ханш богино байж болно. Үнэ өсч буурна. Зогсолтгүй өсдөг, зогсолтгүй буурдаг гэсэн ойлголт байхгүй. Ийм нөхцөлөөс шалтгаалахгүйгээр эдийн засгаа бий болгох ёстой. Түүнээс биш үнэ өсөөд, орлого орж ирэнгүүт өөрсдийгөө хуураад байх шаардлага байхгүй. Би өмнөх Засгийн газрын нөхцөл байдлыг бүгд сайн байсан гэж хэлэхгүй. Манай нам засаг барьж байсан үед ч би эсэргүүцлээ илэрхийлдэг байсан. Тэглээ гээд би нэг их “үнэн хэлсэн” гээд баярлаад байгаа юм биш. Цөөнх дандаа эсэргүүцдэггүй, амьдралд үнэн зүйл хэлдэг гэдгийг би нотлох гээд байгаа юм. МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн ажил руу дайрч муулж өнгөрүүлэх гээд байх шиг байна. Одоо бол бүтэн жилийн хугацаанд алдаа дутагдлаа засаад явах боломж гарсан. Үүнээс цааш алдаатай буруу бодлого гэдэг асуудал ерөөсөө байж болохгүй. Өөрөөр хэлбэл Ардчилсан намынхан алдаатай буруу бодлого хэрэгжүүлсэн бол бүтэн жилийн дотор засах боломж байсан. Үргэлжлүүлж байгаа бол тэдний өөрсдийнх нь алдаа юм.

-Улстөрчид өмнөх рүүгээ дайрч өмнөх бодлогоо үгүйсгэдэг. Яагаад тэр вэ? Ард түмнээс сонгогдсон тэдний төлөө ажиллах ёстой гэдэг үүргээ ухамсарлах ёстой юм биш үү?

-Ардчилсан намын тэргүүлж байсан Засгийн газар өмнө нь 80 жил тавьж чадаагүй авто замыг тавьсан. Ард түмэнд бизнесээ хийхэд авто зам хэрэгтэй. Хоёрдугаарт, өнгөрсөн 20 жил барьснаас хэд дахин илүү орон сууц барьсан. Энэ бол гайхамшиг. Хэрэв бидний орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлээд явсан бол Монгол Улс ойрын 10 жилд орон сууцтай болчихно. Гэвч үүнийг хэрэгжүүлж чадаагүй нь маш том алдаа. Гуравдугаарт, бид дотоодын үйлдвэрийг санхүүжүүлсэн. Энэ нь экспорт хийх, импортыг орлох маш том боломж байсан. Монгол Улс аж үйлдвэртэй эдийн засагтай байх боломжийг олгосон байхгүй юу. Гэхдээ бидний бодлого 100 хувь буруу байна гэж байхгүй. Тал хувь нь буруу байлаа гэхэд тал нь хэрэгжүүлээд явах ёстой байсан. 

-Тэгвэл одоогийн Засгийн газар ямар ч ямар бодлогыг үргэлжлүүлэх ёстой вэ?

-Одоо хувийн аж ахуй нэгжийн эргэлтийн хөрөнгийг дэмжих ёстой. Дээр нь ЖДҮ-г орон сууцны зээлд хамруулах ёстой. 

-ЖДҮ-г орон сууцны зээлд хамруулах гэсэн үү?

-Тийм. Өөрсдийн үйлдвэрлэл явуулах байр нь урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байх ёстой. Түрээсийн байранд амьдрахаар ЖДҮ дампуурдаг. Түрээсийн дарамтыг аваад хаячих юм бол нүдэн дээр мөөг шиг үржээд явчихна. Мөн гэр хорооллын хөгжлийн асуудал байна. Гэр хорооллыг орчин үеийн цаг үед нийцсэн түвшинд авч ирэх ёстой. Миний боловсруулсан төслийг баталж өгөхгүй байгаа юм. Бид гэр хорооллоо өөрчилж чадах юм бол хүн амын 60,70 хувь нь өөрчлөгдөж чадна. Ийм ажил хийгээд өгөөч гэж хүсээд байна. 

-МАН-ынхан сонгуулийн өмнө өр зээлийг шүүмжилдэг сөрөг хүчин байсан. Гэвч одоо өөрсдөө өр зээл тавиад явж байна. Энэ Засгийн газар өр тавих болсон шалтгаан нь та бүгдийн буруу гэдэг. Тэдний байр суурьтай та санал нийлэх үү. Танай Засгийн газар эдийн засгаа дордуулсан уу? 

-Өр зээлийг бид тавьж байсан. Эд нар ч тавьж байна. Бид зээлийг зориулалтын дагуу ашиглаж байсан. Харин эд нар зээлээ хэр зэрэг төлөвлөгөөтэй ашиглаж байна вэ? Жишээ нь Энэтхэгээс 1тэрбум ам.долларын зээл аваад юунд зарцуулах нь ойлгомжгүй байна. Хэрэв буруу зүйлд зарцуулах юм бол маш том алдагдал үүснэ. Орж ирж байгаа зээлийн мөнгийг төлөвлөгөөгүй зарцуулчхаад, хүүхдийн мөнгөнд гар татаж байгаа бол буруу зам руу явж байгаагийн шинж.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар нэлээд олон зээлийн хэлэлцээр баталлаа. Тэдгээр зээлийг зарцуулах төлөвлөгөө нь хэр зэрэг оновчтой байсан бэ? 

-Сая батлагдсан зээлийн хэлэлцээр бол өмнө нь яригдаж байсан хэлэлцээрүүд юм. Энэ удаад зориулалтыг нь өөрчлөх үүднээс баталсан. Цаашид 5,5 тэрбум ам.долларын зээл орж ирнэ. Тэр үед бид зориулалтыг нь харна. 

-Өнгөрсөн жилүүдэд Монголбанкы удирдлагыг МАН, МАХН, АН бүгд хамт барьж байсан. Гэвч одоо хариуцлага нь ганцхан хүний толгой дээр унаад байх шиг яриад байх юм. Ардын намынхнаас асуухаар үүрэг чиглэлийн хувьд хамааралгүй зөвхөн Н.Золжаргалд хамаатай гэдэг хариултыг өгч байгаа. Энэ зөв үү? 

-Эрх баригчид матрын нулимс унагаж байна. Эд нар гурван сонгууль дамнаж Монголбанкны асуудал ярилаа. Өнөөдөр ярьсан бол маргааш нотлоод хариуцлага тооцох ёстой. Гэтэл жил гаруй хугацаанд ярьсаар байгаад чуулган завсарлууллаа. Одоо сонгуулийн дараа үүнийг замхруулна. Юу ч ярихгүй, ямар ч арга хэмжээ авахгүй. Яагаад гэвэл эд нар өөрөө өөрсдөдөө арга хэмжээ авна гэж байдаггүй юм. 

-Өөрөөр хэлбэл сонгуулийг угтсан шоу хийж байна гэж та хэлэх гээд байна уу. Үүнийгээ яаж нотлох юм?

-Өнгөрсөн дөрвөн жилд бид Монголбанкинд үг хэлэх эрхгүй байсан. Олонх өөрийнхөө банкийг шүүмжилж болохгүй гэдэг утгаар юм. Гэтэл эд нар шүүмжлээд, дарамтлах, рэкетлэх замаар хувийн компаниудад зээл авчихсан байна. Одоо Монголбанкийг буруутгаж байгаа ч өөрсдийнхөө компаниудын авсан зээлийг нууцалчихсан. Монголбанк мөнгө өгчихсөн байна гэдэг асуудлаар буруутгаад байдаг. Сонгуулийн дараа “за за энэ асуудал замхарлаа” гээд алга болох юм байна л даа. 

-Нууцын тухай хууль гэж байдаг. Энэ хуульд хамаарах асуудал хамаарахгүй асуудал гэж тусдаа заасан байдаг уу. Яагаад Монголбанкнаас зээл авсан аж ахуй нэгжийг нууцалсан юм бэ?

-Хэн дуртай нь юуг ч нууцалдаг болчихоод байгаа юм. Засгийн газар, Монголбанкны ерөнхийлөгч нууц гэхээр л нууц болчихдог болоод байна. Юу нь нууц юм гэдгийг мэдэх аргагүй. Хүний санаанд оромгүй их хэмжээний мөнгийг идэж ууснаа нууж байна. Монголбанкнаас зээл авсан гээд чих дэлсээд байгаа компаниудын эзэд бүгд энэ парламентад сууж байна гэж хардаж болохоор юм. Тэр мөнгөөрөө их хуралд орж ирсэн юм байна л даа. 

Тэгэхээр нууц гэдэг асуудлыг ойлгомжтой болгохгүй бол эрх мэдэлтэй хүмүүсийн төрийг хохироох, ард түмнийг луйвардах арга хэрэгсэл болоод байна. 

-Ардчилсан намынхан сул ажиллаж байна, О.Баасанхүү гишүүнээс ч доор байна гэдэг шүүмжлэл гараад байгаа. Үүнтэй санал нийлэх үү?

-Тийм ээ, үнэн. Бид нараас нэг хүн 10 хүний ажил хийх ёстой. Тэр шүүмжлэлийг бүрэн хүлээж авна. Бид цаашид ажлаа сайжруулах ёстой. Гэхдээ материаллаг хэрэгсэл орон тоо, хүн хүч дутаж байна. Үүнийг зүгээр нэг цээжний бангаар яриад байдаг асуудал биш л дээ. Судалгаа, дүгнэлттэй ярих ёстой. Ардын нам сөрөг хүчин байхдаа бүхэл бүтэн цагаан ордонд том аппарат ажиллуулж байсан. Бид бол улаан гараараа найм, есөн хүн л сууж байна. 

-Ардчилсан намын ийм байдал намын дотоод асуудалтай холбоотой юу?

-Нам бүрэн цэгцэрч чадаагүй байна. Нам цэгцрээд ирвэл байдал сайжрах байх. За ингээд яриагаа өндөрлөе. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж