Бусад газар үер болж байхад Аргентинд ган гачиг болж, ургацад муугаар нөлөөлж байна. Зарим газруудад газар тариаланчид бослого гаргахаар заналхийлж байгаа нь дэлхийн зах зээл дэх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг улам нэмэгдүүлэхээр байгаа юм. Аргентин улс нь шишийн экспортоор дэлхийд хоёрдугаарт, шар буурцгийн экспортоор гуравдугаарт ордог улс юм. Үр тарианы хангамжийн асуудал хэдийнээ үнийг рекорд хэмжээнд хүргээд байгаа энэ үед тус улсад тохиолдоод буй ган гачиг зах зээлд асуудал үүсгэж эхэлжээ. Латин Америкт газар тариалангийн байдал хавраас нааш сайжрахааргүй байгаа гэж албаны хүмүүс хэлж байна.
АНУ-ын Газар тариалангийн яам ирэх ургацаар Аргентин улс 23,5 сая тонн шиш, 50,5 сая тонн шар буурцаг хурааж авна гэж тооцоолж байгаа бол зарим байгууллагын шинжээчид үүнээс ч бага байна гэж үзэж байгаа юм. Байдал хүнд байгаа дээр нэмээд Аргентиний тариаланчид даваа гаригаас эхлэн долоо хоногийн ажил хаялт зарлаж, Засгийн газрын үр тарианы экспортын хоригийг зогсоохыг шаардана гэсэн юм. Тэдний үзэж буйгаар энэ хоригоос болж дотоодын зах зээл дэх газар тариалангийн үнэлгээ хэт бага байгаа аж.
Э.Очирт