Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Бүгд найрамдах Австри улсын Элчин сайд хатагтай Ирене Гинер-Райхлыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Австри Улсын өргөмжит консул Д.Сэргэлэн болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.
Хотын дарга С.Батболд “Манай хоёр улс найрсаг сайхан харилцаатай. Соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж өнгөрсөн 3 жил Венийн вальсыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэ жил Австри, Монголын хөгжмийн фестивал шөнийн гэрэлт гудамж болон Улсын филормонид амжилттай зохион байгуулагдсан. Мөн Австрийн бизнесийнхний төлөөлөл хүрэлцэн ирж Улаанбаатарын худалдааны танхимтай хамтран форум зохион байгуулж байгаа. Цаашдаа хоёр талын бизнес эрхлэгчид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа” хэмээлээ. Мөн тэрбээр “Австри Улсын 2 дахь шатны хөнгөлөлттэй зээлээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гудамжны гэрэлтүүлэг шинэчлэхээр болсон. Бидний зүгээс Австрийн хог хаягдлыг эрчим хүч болгох технологи, байгаль орчны технологи, сэргээгдэх эрчим хүчний технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байна” гэдгийг онцоллоо.
“Миний бие Монгол Улсыг давхар хамаарсан Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотод олон удаа ирж байсан. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот эрчимтэй хөгжиж байгааг харах сайхан байна. Одоо сонгогдон ажиллах Элчин сайдад хоёр улсын харилцаа холбоог улам сайжруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах хэрэгтэйг захин хэлэх болно. Хэдийгээр миний бүрэн эрх маань дуусч байгаа ч би дахин дахин Монголд ирэх болно” хэмээн хатагтай Ирене Гине-Райхл хэллээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хатагтай Ирене Гине-Райхлыг элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хоёр Улсын, ялангуяа Улаанбаатар хоттой харилцах хамтын ажиллагаа идэвхжиж олон айлчлал, арга хэмжээ зохиогдсон нь түүний хүчин чармайлттай салшгүй холбоотой. Цаашид энэ харилцаа улам цэцэглэн хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье” хэмээн хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.