Эмгэнэл | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Хүн гүрний түүхийг бишрүүлсэн “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжгийг баяр наадмын тохиолдуулан УДЭТ-ын хамт олон үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ.

ЖАМБЫН ДАШДОНДОГ

(1941-2017)

Монголын их утга зохиолын нэрт зүтгэлтэн, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр таалал төгсөж, үгийн урлаг, номын ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Жамбын Дашдондог нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Шувуутын голд 1941 онд төржээ. Тэрээр Булган аймгийн 10 жилийн дунд сургуульд 1948-1958 онд, Монгол Улсын Их Сургуульд 1958-1963 онд суралцаж төгссөн монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, соёлын салбарт тодорч гарсан үндэсний шилдэг сэхээтэн байлаа.

Тэрээр Булган аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, “Залуу үе” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, “Залуучуудын үнэн” сонины ерөнхий эрхлэгч, “Пионерийн үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Хүүхдийн зохиолын зөвлөлийн тэргүүн, Хүүхдийн кино студийн редактор, Монголын радиогийн редактор, “Би Би Би” сонины эрхлэгч, Монголын хүүхдийн соёлын сангийн тэргүүнээр ажиллаж байсан сэтгүүл зүй, утга зохиолын гарамгай зүтгэлтэн байлаа.

Жамбын Дашдондог нь 17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш хагас зуу гаруй жилийн турш хүүхдийн уран зохиолын олон шилдэг бүтээл туурвиж, 100 гаруй ном хэвлүүлжээ. Тэрээр “Аав Ээж Би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө”, “Аранзал зээрд”, “Гурван марал” зэрэг бүтээлээрээ хүүхдийн яруу найргийн шинэ хэлбэрийг буй болгож, яруу найргийн өнгө аялгуутай гүн сэтгэлгээний үргэлжилсэн үгийн зохиол туурвисан Монголын орчин үеийн утга зохиолын нэгэн өндөр багана болсон уран бүтээлч байсан юм. Түүний бүтээлийг гадаадын уншигчид ихээхэн сонирхож, 33 ном нь хилийн чанадад хэвлэгдсэн байна. Жамбын Дашдондогийн бүтээл нь олон үеийн монгол хүүхдийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл, соёл, түүхээ эрхэмлэн дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд үлэмж их хувь нэмэр оруулсаар байна.

Түүний “Таван зүс”, “Арав гэж юу вэ?”, “Өрөөнд тагтаа орж ирлээ”, “Маргааш түргэн болоосой”, “Шинэ зуун айсуй”, “Хүүхэд бол цэцэг”, “Шинэ өглөө” болон “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн уянгат дуугаар нь Монголын үе үеийн хүүхдүүд өсөж хүмүүжсэн билээ. Тэрээр гадаадын хүүхдийн зохиолчдын бүтээлийг монгол хэлээр орчуулан, хүүхэд багачуудыг дэлхийн шилдэг бүтээлтэй танилцуулж судалгааны хэд хэдэн бүтээл туурвисан орчуулагч, судлаач байсан юм.

Ж.Дашдондог уран бүтээлээ туурвихын зэрэгцээ 1991 оноос Монгол Улсынхаа 330 суманд очиж, 200 мянга гаруй хүүхдэд ном бүтээлээ танилцуулан, номын ертөнцийн нууцын түлхүүрийг атгуулж, 100 мянга гаруй багш, аав ээжтэй уулзан хүүхдийг номоор хэрхэн хүмүүжүүлэх тухай лекц уншиж явсан соён гэгээрүүлэгч байлаа. Мөн сүүлийн 24 жилийн турш нүүдлийн номын сан аялуулж 137 мянган километр замыг туулсан нь алс нутгийн хүүхдүүдийг номоор дамжуулан хүмүүжүүлэх үйлст оруулсан түүний томоохон хувь нэмэр нь болно. Түүнчлэн анх санаачлан зохион байгуулсан “Уран жиргээ” улсын уралдаан нь одоо ч амжилттай үргэлжилсээр байна.

Монголын төр түүний авьяас, хөдөлмөр, бүтээлийг өндөр үнэлж, “Монгол Улсын Төрийн шагнал”, “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор шагнажээ. Мөн тэрээр Японы Осака хот дахь Олон улсын хүүхдийн утга зохиолын институтын хүндэт өргөмжлөл, Дэлхийн урлаг соёлын академийн шагнал – “Дэлхийн гарамгай яруу найрагч” алтан медаль, Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн IBBY-Asashi шагнал зэрэг нэр хүндтэй шагнал хүртэж байжээ.

Монголын уран зохиолын ертөнцөд билиг оюуны гэгээн мөрөө арилшгүй үлдээж, хүүхэд багачуудын хайрлан хүндлэх, дээдлэн бишрэхийн бэлгэдэл-үлгэр дуурайл болсон их зохиолчийн бүтээсэн гавьяат үйлс, сод авьяас, гэгээн сэтгэл, эгэл даруу, нөхөрсөг төрх нь эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг Монголын ард түмний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД, Ж.ЭРДЭНЭБАТ

Л.ЭНХ-АМГАЛАН, Ж.БАТ-ЭРДЭНЭ, Г.ЧУЛУУНБААТАР, Ц.БАЯРСАЙХАН,

М.ОЮУНБАТ, З.БАТЗОРИГ, Б.НЭРГҮЙ

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-13 103.57.92.187

УМ АМГАЛАН САЙН БОЛТУГАЙ

Тулга 2017-06-13

Хүүхдийн төлөө чин сэтгэлтэй сайхан буурал дахин ихийг бүтээх байсан юм Ум сайн амлгалан болтугай УМ МА НИ БАД МЭ ХУМ

зочин 2017-06-13 103.229.123.39

ум ма ни бад ми хум арай л эрт явлаа даа

Зочин 2017-06-13 202.179.8.6

Маш их харамсаж байна Алтан дэлхийн ариун хөрсөндөө амгалан нойрсоорой

Уншигч 2017-06-13 103.11.195.18

Гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

иргэн 2017-06-13 66.181.182.74

Хайран хүн харамсаад харамсаад барашгүй Бүрэгийн нуруу-Ногоон морьтынхоо ард шувуутын голдоо нутаг усандаа ах дүү төрөл төрөгсөддөө сайн төрлийг олож эргэн төрөх болтугай гэр бүл үр хүүхэд ах дүү садан төрөлийнхөн-булганчууддаа гүн мэмгэнэл илэрхийлье

Зочин 2017-06-13 66.181.177.246

Ум ма ни бад мэ хум

Зочин 2017-06-13 202.179.8.6

Ум мани бад мэ хум

Зочин 2017-06-13 202.179.31.14

хөөрхий дөө саяхан л гялалзаж явсансан Ум ма ни пад ми хум

zz 2017-06-13 59.153.114.217

Ene ulaan har shugam tatahaa bolison n deer bha mgl yos bish bizde

ff 2017-06-13 202.131.226.221

tehh zgr har tsagaan zurag tavihad tseverhen

Сайхан уран бүтээлч байсан 2017-06-13 202.9.41.5

Мөрөө үлдээж чадсан мундаг зохиолч