“С-1” телевиз хамгийн их далд сурталчилгаа цацжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

“С-1” телевиз хамгийн их далд сурталчилгаа цацжээ

“С-1” телевиз хамгийн их далд сурталчилгаа цацжээ

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нээс 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор цацагдаж байгаа телевизүүдийн мэдээлэлд мониторинг хийжээ. 

Мониторингийг МҮОНТ, ТV-9, С-1, UBS, МN-25 дугаар суваг гэсэн таван телевизэд хийжээ. 

Сонгуулийн тухай хуульд зааснаар сурталчилгаа зургадугаар сарын 6-нд эхэлсэн. Мониторингийг дөрвөн өдрийн хугацаанд цацсан мэдээлэлд үндэслэн гаргажээ. 

Энэ тухай өнөөдөр/2017.06.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Дээрх телевизүүдийг сонгон мониторинг хийсэн нь “Максима” ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд дөрвөөс дээш жил оршин тогтнож байгаа, нэр дэвшигчийн хамаарал зэргийг шалгуур болгосон аж. Мониторингоор гарсан үр дүнг тоймлов. 

МҮОНТ-ээр С.Ганбаатарыг түлхүү сурталчилжээ

Албан ёсны сурталчилгаа эхэлсэн дөрөв хоногийн хугацаанд МҮОНТ нэр дэвшигчдэд ойролцоо цаг хуваарилсан ч хамгийн ихийг буюу 35 хувийг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт, 34 хувийг Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад оноосон бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 31 хувьтай тэнцэх цагийг ногдуулжээ. Тодруулж хэлбэл, хамгийн их сурталчилгааны цагийг нэр дэвшигч С.Ганбаатарт зарцуулжээ гэж тодорхойлж болох аж. 

Нэг нэр дэвшигчийг түлхүү сурталчилж байна 

Арилжааны телевизүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд нэг нэр дэвшигчийг илүү онцлон цагаа түлхүү тавьж, сурталчилсан нь ажиглагджээ. Тухайлбал, С-1 телевизийн мэдээллийн 74 хувийг, МN-25 дугаар суваг телевизийн мэдээллийн 40 хувийг нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой мэдээлэл эзэлсэн байна. Өөрөөр хэлбэл, арилжааны дөрвөн телевизээс хоёр нь Ардчилсан намаас нэр дэвшигчийг түлхүү сурталчилжээ гэж дүгнэж болох аж. 

Тэгвэл ТV-9 телевиз МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт мэдээллийнхээ дийлэнх цагийг зарцуулж, 38 хувийг эзэлсэн бол UBS телевизээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд илүү мэдээлэгдэж, 43 хувьтай тэнцэх цагийг эзэлжээ. 

Сөрөг мэдээллийг С-1 телевиз цацжээ 

С-1 телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотойгоор цацсан мэдээлэлд хамгийн их сөрөг өнгө аястай мэдээлэл эзэлжээ. Нийт дүнгээрээ 26 хувийг эзэлсэн нь бусдаасаа өндөр үзүүлэлт юм байна. 

Мөн нэр дэвшигчтэй холбоотой далд сурталчилгааг С-1 телевиз хамгийн их хийжээ. Тодруулбал, С-1 телевизийн далд сурталчилгаа 45 хувьтай гарсан бол UBS телевизийн далд сурталчилгаа 7 хувьтай гарсан нь хамгийн бага үзүүлэлт аж. 

МҮОНТ-ийн мэдээллээс далд сурталчилгаа илрээгүй байна. 

Сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээл үгүйлэгдэж байна

Анхаарал татах нэг асуудал нь төвийг сахисан мэдээлэл маш ховор. Энэ нь захиалгат, төлбөртэй нэвтрүүлгийн цаг зонхилж байгаатай холбоотой гэж шинжээч тодотголоо.

Мөн дээрх телевизүүдээр цацагдаж байгаа мэдээллийн 76 хувь нь нэр дэвшигчийг магтан сайшаасан мэдээлэл эзлэх болжээ. 

Анхаарал татах бас нэг асуудал нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл дутмаг, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийнх нь бэлтгэсэн, хараат бус мэргэжлийн бүтээл мониторинг хийсэн дөрөв хоногт цацагдаагүйг шинжээч онцолсон юм. 

Иймээс нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулах нь хамгийн чухал байгаа аж. 


Энэ талаар “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч, шинжээч Б.Ононгоос тодрууллаа. 

-Телевизүүдийн өөрсдийнх нь бэлтгэсэн, мэргэжлийн бүтээл цацагдахгүй байна гэж хэллээ. Шалтгаан нь юу юм бол. Үүнийг судалж үзэв үү. Хууль чангаас шалтгаалж байна гэж харж болох уу. Жишээлбэл, нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл бэлтгэлээ гэхэд гүтгэсэн гэдэг зүйл заалтаар тухайн байгууллагад 20 сая төгрөгийн торгууль ногдуулах. Аль эсвэл нэг нэр дэвшигчийн сурталчилгааны цаг 15 минутаас хэтэрч болохгүй гэдэг ч юм уу, ийм нэг хайрцаглагдсан зүйлээс болоод байна уу? 

-Өмнөх сонгуулиудад сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл хувиараа бага байсан ч явцын дунд өссөн.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 25 хувь эзэлж байна, бусад телевизүүдийн мэдээлэлд энэ талын мэдээлэл бий ч хувь бага, далд сурталчилгаа, зар сурталчилгаа эзэлж байна.

Зар сурталчилгаа нь сонгогчдод үнэн бодит мэдээлэл өгөхөд эргэлзээтэй. Тухайн нэр дэвшигч өөрийгөө дөвийлгөн магтсан, эсвэл өрсөлдөгчөө сөргөөр харуулах зорилгоор хийсэн нэвтрүүлэг байдаг. Сэтгүүл зүйн бүтээл гэж хэлэхэд хэцүү байгаа.

Судлаачийн хувьд дүгнэхэд хамаарлаасаа шалтгаалж байна гэж хэлнэ. Телевизүүд өөрийнхөө хамааралтай нэр дэвшигчийг магтаж, сайшааж харуулахаа зорилго болгосон, цагаа хэтрүүлчих вий гэдэгт гол анхаарлаа төвлөрүүлчихээд байна.

Нэр дэвшигчтэй холбоотойгоор бэлтгэсэн захиалгат нийтлэлийг цацаж байгаа.

Сонгуультай холбоотой мэдээллийн 58 хувийг захиалгат төлбөрт нэвтрүүлэг эзэлж байна.

Мэтгэлцээнийг чөлөөтэй явуулж болно. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар мэтгэлцээн чөлөөтэй явсан. Энэ хэлбэрийг сонгоход хуулийн шийтгэл байхгүй. Түүнд телевизүүд анхаарахгүй, захиалгат нэвтрүүлэг дээр ажиллаад байна.

-Сөрөг мэдээлэл хэр цацагдаж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад сөрөг мэдээлэл их цэгцэрсэн. Эерэг мэдээлэлтэй дүйхүйц хэмжээнд сөрөг мэдээлэл цацагддаг байсан. Телевизүүдээс сөрөг мэдээллийн хувь нь С-1 телевизийнх нь өндөр гарсан, 26 хувьтай, ТV-9 телевизийнх 16 хувьтай гарсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж