Навальный яагаад Путиныг ялахгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Навальный яагаад Путиныг ялахгүй вэ?

“Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг жагсаалтад тосон харандаа, харандаа үзүүрлэгч зэрэг хэрэглэгдэхүүнийг нэмж, дэвтэр, скочийг хассан байна.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хууль бус эсэргүүцлийн жагсаалд уриалан дуудсан хэргээр 30 хоног баривчлан саатуулжээ. Түүнийг Москва дахь гэрээс нь өчигдөр /2017.06.12/ баривчилсан талаар түүний эхнэр Юлия ярьсан байна.

Баривчлан саатуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа Навальный Твиттертээ “30 хоног” хэмээн жиргэжээ. Мөн тэрбээр “Тэднээс болоод би Москвад болох Depeche Mode-ын тоглолтыг үзэж чадахгүй боллоо” хэмээн бичсэн байв.

Нийслэл Москва болон Санкт-Петербург зэрэг хэд хэдэн хотод томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсны дараа Навальныйг баривчилжээ. Ирэх жил болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн тэрбээр сошиал сүлжээгээр эсэргүүцэгчдийг уриалж, дэмжиж байсан юм.

Москвад болсон жагсаалд 5000 орчим хүн оролцсон гэх цагдаагийн мэдээллийг Интерфакс дамжуулав. Харин Санкт-Петербургт 3500 орчим хүн жагсаалд нэгджээ. Жагсаалд оролцогсдоос Москвад 825, харин Санкт-Петербургт 500 хүнийг түр саатуулсан байна.

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд авлига, хээл хахуульд автсан хэмээн Навальный буруутгаж, олигархиудын эсрэг жагсаал зохион байгуулсан юм. Тэрбээр өөрөө YouTube суваг, Твиттер болон блог ашиглан ухуулга хийж байжээ.

Алексей Навальный өнгөрсөн хугацаанд цөөнгүй тооны эрүүгийн хэрэгт холбогдож байсан ч Оросын ард түмэн, тэр дундаа Москва хотын иргэдийн удирдагч гэгддэг. Түүнийг ард түмнээс төрсөн улс төрийн удирдагч бөгөөд Оросын нийгэм, эдийн засагт гэрэл гэгээ авчрах нэгэн гэж дэмжигчид нь тайлбарладаг.

Барууны хэвлэл түүнийг Оросын улс төрийн чухал нэгэн фигур хэмээн тодорхойлж, ерөнхийлөгчийн сонгуульд Путиныг ялж чадах нэгэн гэж үнэлдэг.

Гэхдээ Навальный дотооддоо бол улс төрийн хүрээлэлд нэр хүнд, байр суурь муутай гэгддэг. Оросын 144 сая гаруй ард түмний дотор Путиныг цор ганц удирдагчаа хэмээн итгэдэг нь олонх, өргөн уудам нутагтай энэ их гүрнийг удирдахад Навальныйгийн хүч дутна гэж боддог нь дийлэнх гэх.

ОХУ-ын төрийн тэргүүний төлөөх өрсөлдөөнд Навальный Путиныг ялахгүй байх шалтгааныг Russia Beyond the Headlines дараах байдлаар тодорхойлжээ.

ХЭТ ДӨВИЙЛГӨСӨН ТОДОРХОЙЛОЛТ

Англи хэлтнүүдийн ертөнцөд Навальный бол Европ хандлага, тэр зүгийн үзэл баримтлал, бодлогыг Орост түгээх нэгэн. Guardian сэтгүүл Навальныйг “үндсэрхэг үзэлтэн байгаад либералист болсон нэгэн” гэж тодорхойлсон нь бий. Гэвч “Төв Азийн цагаачдыг жоомнуудтай зүйрлэж хэлсэндээ огтхон ч харамсдаггүй” гэсэн түүний үг Guardian-ы алдаа байсныг батална.

Алдартай сэтгүүлийн нүүрэнд Навальныйгийн зураг тавигдаж, “шар бор” сэтгүүлүүд Бейонсе, Ким Кардашиан нарын адилаар түүний тухай хэдэн хуудас нийтлэл бэлтгэсээр байгаа.

“Владимир Путины айдас нь ОХУ-ын сөрөг хүчний загалмайтан мөн үү?” гэх гарчигтай нийтлэлийг Newsweek гаргаж, Их Британийн ВВС түүнийг “ОХУ-ын чимээ ихт сөрөг хүчний лидер” гэж тодорхойлов.

Guardian түүнийг “Путиныг зогсоохоор бүтээгдсэн” гэсэн Bloomberg ерөнхийлөгч болох амбицтай идэвхтэн гэж нэрлэжээ.

СОНГОГЧДЫН САНАА БОДОЛ

Оросын сонгогчдын дунд нэгэн судалгаа явуулжээ. “Хэрэв энэ ням гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болбол хэнд саналаа өгөх вэ” гэх санал асуулгад оролцогсдын 48 нь Путин; 3 хувь нь Владимир Жириновский /ЛДПР намын тэргүүн/ ба Геннадий Зюганов /Коммунист намын Төв хорооны дарга/-т, харин Навальныйг ердөө 1 хувь нь дэмжжээ. Улс төрийн хүрээний нэр бүхий өөр эрхмүүд мөн тус тус нэг хувь авчээ. Харин санал асуулгад хамрагдагсдын 42 хувь нь хэнд ч саналаа өгөхгүй, эсвэл мэдэхгүй байна гэж хариулсан байна.

Канадын академич Пол Робинсон гэгч мөн өөрийн хувилбараа дэвшүүлжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 83 хувийн саналаар ялалт байгуулна гэсэн байна. Бусад горилогчдын хувьд Жириновский-5, Зюганов-4, Навальный-2, бусад-6 хувь гэсэн үр дүнг таамаглажээ.

ТОЙРГИЙН ГАДНА

“Кремлийн хяналтад байдаг” гэх Оросын телевизийн сувгууд өөрийнх нь талаар мэдээ, мэдээллийг цацахаас цааргалдаг гэж Навальный шүүмжилдэг. Гэхдээ Оросын телевиз, хэвлэлүүд Навальныйг дурдах нь сүүлийн нэг жилд тав дахин нэмэгдсэн гэх Медиа судалгааны төвийн тайланг “Ведомости” сонин нийтэлжээ.

Бас тэр Оросын хэвлэлүүдэд нэр нь хамгийн их дурдагддаг эрхмүүдийн жагсаалтын зургаад бичигджээ. Нэгт мэдээж Путин, араас нь Дональд Трамп, Дмитрий Медведев, Дмитрий Песков, Петро Порошенко, зургаад нь Навальный жагссан байна.

Навальныйгийн хувьд сошиал медиа ертөнцийн авьяаслаг оператор. Твиттер, Фейсбүүк болон Оросын ВКонтакте сүлжээнд хэдэн сая дагагчтай, YouTube сувагт байршуулсан Медведевийн тухай “He is not Dimon to You” бичлэгийг нь 21 сая хүн үзсэн байдаг. Тэгэхээр Навальныйгийн хувьд олон нийтэд мэдээллээ хүргэнэ гэдэг бэрхшээл биш.

Түүний гол асуудал нь нэр хүнд. Орос даяар тэр Путин шиг нэр хүндтэй биш, Путин шиг алдартай биш. Сайн ч бай, муу ч бай Путин бол Орост хамгийн алдартай нэгэн. Ядаж л Навальный үзэл бодлоо, улс орноо хэрхэн удирдах чадвартайгаа ард түмэндээ батлан харуулах хугацаа хэрэгтэй. Тиймээс л Навальный сонгуульд Путиныг ялж чадахгүй гэж Russia Beyond the Headlines тайлбарлажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж