“Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-ийн дэргэдэх “Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн”-ээс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-ийн 2017 оны судалгаанд Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор 62-т эрэмбэлэгдлээ.
Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо “Эдийн засгийн тамир тэнхээ”, “Засаглалын үр ашиг”, “Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа” болон “Дэд бүтэц” гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 346 шалгуур үзүүлэлтийг ашигладаг.
Монгол Улсын өрсөлдөх чадварын онооны хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй хэдий ч энэ жилийн тайланд Саудын Араб болон Кипр зэрэг өрсөлдөх чадвар сайтай улсууд нэмэгдсэн нь Монгол Улсыг өнгөрсөн жилээс 2 байраар хойшилсон мэт харагдуулжээ.
Энэ жилийн тайланд “Монгол Улсын хамт сүүлийн дөрөвт эрэмбэлэгдсэн Украин, Бразил, Венесуэл улсууд нь улс төрийн хувьд тогтворгүй, дотоод бослого үймээн ихээр гарах болсон мөн эдийн засгийн өсөлт нь саарсан улсууд байгаагаас харахад төрийн тогтвортой байдал нь улс орны өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй болох нь харагдаж байна” гэжээ.
Г.Түшиг