Самат Кулжабаев: Киргизстанд байсан бол ХасБанк хамгийн том банк нь байх байсан

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Самат Кулжабаев: Киргизстанд байсан бол ХасБанк хамгийн том банк нь байх байсан

Амеркийн нэрт жүжигчин, модель, загвар зохион бүтээгч Сиенна Миллер анхны хүүхдээ Лондонд төрүүлэх гэж байгаа тухайгаа Us Weekly -д мэдээлжээ.

Киргизстан Улсын Компанион банкны Эрсдэл хариуцсан захирал Самат Кулжабаев ХасБанканд туршлага судлахаар ирээд байхад нь цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Мөн ямар хэрэг зорилгоор Монголд ирсэн талаараа?

-Өөрийгөө танилцуулахаас илүүтэй би байгууллагаа танилцуулмаар байна. Компанион банк нь ХасБанктай яг адил замаар явж ирсэн гэхэд болно. Алслагдсан орон нутаг дахь санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал иргэдэд хүрч үйлчлэх гэх мэт бидний баримталдаг зарчим, үнэт зүйлүүд маань ч ижилхэн. Анх 2004 онд Киргизстанд үйл ажиллагаа явуулж байсан Мерси Кор олон улсын байгууллагын доорх 5 бичил зээлийн агентлаг нэгдэж, Компанион хэмээх бичил санхүүгийн байгууллагыг бий болгосон түүхтэй.

ХасБанкны адилаар Компанион нь хөдөө орон нутгийн иргэдэд ихээр танигдаж, тэдэнд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой бичил санхүүгийн байгууллага байсан бөгөөд Киргизстаны эдийн засгийн онцлогоос хамаараад бид ихэвчлэн бичил бүлгийн зээлийн санхүүжилтээр жижиг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зээл олгодог байлаа. Анх байгуулагдсан цагаасаа л Компанион нь арилжааны банк болох стратегийн алсын хараатай байсан. Энэ нь зөвхөн санхүүжилтийн эх үүсвэрээ өргөжүүлэх, зардлаа бууруулах төдийгүй хамгийн гол нь харилцагчдадаа илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын тулд юм. Ингээд зөвшөөрөл хүссэн бичиг баримтуудаа бүрдүүлж өгснөөс хойш 18 сарын дараа буюу 2016 оны 1-р сард арилжааны банкны үйл ажиллагаа явуулах лицензээ авсан.

Одоогоор бид бичил санхүүгийн байгууллагаас арилжааны банк болох шилжилтийнхээ ид дунд явж байна. Бид орон даяар хүн ам хамгийн ихээр төвлөрсөн газруудад 110 салбар нэгж, 1000 орчим ажилтантай бөгөөд нийт 74 сая ам.долларын зээлийн багцтайгаас 22%-ийг нь жижиг, дунд бизнест олгосон зээлүүд эзэлж байна. Хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд Мерси Кор /65%/, Нидерландын хөгжлийн банк (FMO) болон Triodos-ийн удирдлагад байдаг хоёр сан /35%/ бий.

Миний ирсэн гол зорилго бол ХасБанкны эрсдлийн удирдлага болон арилжааны банк болон шилжих явцад тулгарч байсан сорилтууд, түүнийг хэрхэн даван гарсан туршлагаас суралцах юм. Эдгээр сорилт, практик шийдлүүдийг ойлгож авах нь Компанион банкны одоогийн хөгжлийн явцад маш чухал. Эндээс сурч мэдсэн зүйлсээ ажил хэрэг болгон байгууллагынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

-Монгол, Киргизстан хоёр улсын банк санхүүгийн салбарын ижил болон ялгаатай талууд юу вэ?

-Би гурван зүйлийг нэрлэмээр байна. Хууль журам, ажиллах орчин, гадаад нөлөө буюу улс төрийн тогтворгүй байдал.

-Монголын банкны салбарын хөгжлийг дэлхийтэй харьцуулбал ямархуу түвшинд байна гэж харж байна?

-Сайн түвшинд гэж бодож байна. Киргизстанд байсан бол ХасБанк хамгийн том банк нь байх байсан. Гэхдээ, Монголын банкуудын чанаргүй зээл Киргизийнхээс хамаагүй өндөр байна.

-Туршлага судлахдаа яагаад заавал Монгол улсыг зорьж ирэх болов? Тэр тусмаа ХасБанкийг сонгосон шалтгаан?

-Монгол улс бол манай оронтой их төстэй. Гарал үүсэл, түүх, соёл, уламжлал болон ажиллах орчин гээд дурдаад байвал Монгол, Киркизстаны адил талууд олон бий. ХасБанкны тухайд бичил санхүүгийн байгууллагаас арилжааны банк болон хөгжсөн амжилттай сайн жишээ. Мөн адилхан үүсгэн байгуулагчтай /Месри Кор/ гэдгээс гадна бидний хооронд ижил төстэй зүйл их байдаг.

Тухайлбал, Компанион банкны ТУЗ бизнесийн стратеги болон үйл ажиллагааны гол цөм нь эрсдэлийн удирдлага гэж үздэг. Мөн ХасБанкны ТУЗ, удирдлагууд ч эрсдэлийн удирдлагад ихээхэн анхаардгийг бид мэднэ. Тиймээс ижил түүхтэй, засаглал сайтай хоёр байгууллагын хувьд, ХасБанкийг туршлага судлахаар сонгосон нь зүйн хэрэг.

Түүнчлэн, эрсдэлийн удирлагын түвшинд хөгжлийн эхэн үедээ яваа гэж хэлж болох ч бид дотоод хяналтын орчиндоо бизнес нэгжүүд, эрсдэлийн функц, дотоод аудит гэсэн 3 шатлалт хамгаалалтыг бий болгох ажлыг эхэлсэн. Гэхдээ энэ бүтцийг цаашид сайжруулах шаардлагатай. Харин ХасБанкны эрсдэлийн багийнхны бий болгосон 3 үе шаттай хамгаалалтын бүтэц нь бидний зорьж буй зүйлийн тод жишээ юм.

-Эрсдэлийн удирдлагын чиглэлээр ХасБанкнаас сурсан хамгийн том зүйл юу вэ?

-ХасБанкны эрсдэлийн удирдлагын шинэ бүтэц, хамгаалалтын 3 үе шат, эрсдэлийн загварчлал болон тайлагнал. Надад ажиллах орчин болон эрсдэлийн багийн ажил хэрэгч байдал нь их таалагдсан. Үүнтэй адилаар Компанион банканд эрсдэлийн үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэйгээр зохион байгуулахаа ойлгож авсан.

Хамгийн том сурсан зүйл маань их энгийн. Эрсдэлийн тайлангууд маш тодорхой бөгөөд ойлгомжтой байх, мөн эрсдэлийн багийнхан үргэлж нээлттэй, бизнест саад тотгор болдоггүй байх.

-Таны бодлоор Банк санхүүгийн салбарт орчин үед бий болж буй хамгийн том эрсдэл юу вэ? Түүнээс хэрхэн хамгаалах вэ?

-Зөвхөн зээл олгодог бичил санхүүгийн байгууллагаас арилжааны банк болон нэг шат ахихад бизнест чиглэсэн процессуудын зэрэгцээ зээлийн болон үйл ажиллагааны эрсдэлийн оновчтой удирдлагад түлхүү анхаарах шаардлагатай. Компанион банк дөнгөж саяханаас л ЖДБ-ийн зээлүүд олгож эхэлсэн бөгөөд тэдгээрийн 1/3 нь гадаад валютаар гарсан байна. Гэсэн ч цаашдаа байгууллагын бүтэц зохион байгуулалтаа оновчтой болгох, үйл ажиллагааны процедурыг сайжруулах, ажилтнуудаа бэлдэх, сургах, урамшууллын тогтолцоо бий болгох гээд олон зүйл дутуу байгаа. Миний бодлоор эдгээр нь манай хоёр банканд аль алинд нь нийтлэг зүйлс. Тиймээс одоогийн энэ бужигнаан дунд бид үргэлж сэрэмжтэй байж, өөрсдийн хийж чаддаг зүйлээ л сайн хийх хэрэгтэй.

Миний хувьд банк санхүүгийн салбар дахь хамгийн том эрсдэл гэвэл үйл ажиллагааны эрсдэлийг хэлнэ. Бусад бүх эрсдэл нь үйл ажиллагааны эрсдэлээс үүссэн эсвэл биднээс хамааралгүй гадаад эрсдэл юм. Банк гэдэг хүмүүс дээр тулгуурласан бизнес. Харин хүмүүс санаатай, санамсаргүй байдлаар алдаа гаргаж байдаг. Тийм учраас ажилтнуудынхаа эрсдэлээс зайлсхийх соёлыг нэмэгдүүлж, мэргэжлийн ёс зүйтэй хүмүүсийг бэлдэхэд хөрөнгө оруулж, эрсдэлийн мэдлэг олгох сургалт болон авилгын эсрэг кампанит ажлуудыг тогтмол явуулж байх нь чухал юм.

-Эрсдэлийн удирдлагаас гадна өөрийн банканд очоод хэрэгжүүлэх ямар шинэ санаа, туршлагыг ХасБанкнаас олж авсан бэ?

-Жижиг хэмжээний багц зээлүүд олгодог бизнесийн моделтэй бичил санхүүгийн байгууллагаас харилцагч төвтэй, дэлхийн жишигт нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг банк болох нь манай байгууллагын хөгжлийн томоохон сорилт юм. Энэ нь  бизнесийн соёлоо өөрчилж шинэ төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд, хадгаламж, төлбөр тооцоо болон банкны бусад үйлчилгээг нэвтрүүлнэ гэсэн үг. Манайд хамгийн тохиромжтой бизнесийн стратеги болон түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг бид одоо ч хайж байна. Тиймээс гүйцэтгэлийн удирдлага, иргэдийн банкны стратеги, салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтын талаар ХасБанкны удирдлагуудтай уулзаж, санал зөвлөгөө, дэлгэрэнгүй ойлголтууд авсан нь маш үнэтэй зүйл байлаа. Мөн төслийн удирдлага, мэдээллийн технологийн аюулгүй байдал, хянан нийцүүлэлт гээд олон зүйл байна.

-ХасБанкны хамт олонд хандаж хэлэх үг?

-Монголд ирж туршлага судлах боломжийг надад олгосон М.Болд захирал, Торстен захирал болон ХасБанкны нийт хамт олонд гүн талархал илэрхийлье.

Та бүхний цаашдын ажил, амьдралд өндөр амжилт хүсэхийн сацуу миний энд байх хугацаандаа мэдэрсэн баяр хөөр, хүсэл тэмүүллээр үргэлж дүүрэн байхыг ерөөе! Та бүхэн Киргизстанд ирэх тохиол гарвал миний эх орон үргэлж нээлттэй байх болно. Сансар, Нуржан хоёроор дамжуулан надтай холбогдож болно шүү.

Мөн ХасБанкны эрсдэлийн багийнхан маань эрсдэл хийгээд ашиг орлогын зөв тэнцвэрийг барихад бизнес нэгжүүдийнхээ итгэлт зөвлөх, сайн дэмжигч нь байхын зэрэгцээ эрсдэлийн удирдлагын цогц тогтолцоог бий болгох зорилгодоо удахгүй хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

-Баярлалаа. Таны цаашдын ажилд ч гэсэн амжилт хүсье!

-Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж