Ойрын үед тив алгасан нисэх баллистик пуужинг Хойд Солонгос туршиж магадгүй. Хойд Солонгосын төв хэвлэл «Нодон синмун» сонинд энэ тухай бичснээс иш татан ТАСС мэдээлжээ.
«Ийм ангиллын пуужин турших нь амжилттай болох нь мэдээж. Манай орны эсрэг дайсагнасан бодлого явуулж байгаа АНУ-ын хувьд ийм туршилт нь том бүтэлгүйтэл болно» гэж тус сонинд өгүүлжээ.
Цөмийн зэвсэгтэй, тив алгасан нисэх пуужинтай улсын эсрэг АНУ дайн хийхгүй болно хэмээн сонинд тэмдэглэв.
Зургадугаар сарын 8-нд Хойд Солонгосын цэргийнхэн хөлөг онгоцны эсрэг хэд хэдэн пуужинг зүүн эргээсээ хөөргөсөн нь 200 км орчим замыг туулсан байв. Мөн энэ сард Хойд Солонгосын стратегийн хүчний төлөөлөгч Цахилгаан мэдээний төв агентлагт ярилцлага өгч “Америкчууд Хойд Солонгосын пуужинг угтан сөнөөж чадахгүй” гэсэн байв. Гэхдээ АНУ-ын стратегийн пуужинг угтан сөнөөх хээрийн сургуулийг томоохон өдөөн хатгалт гэсэн байлаа. Америкчууд баллистик пуужин туршсаных нь дараагийн өдөр хээрийн сургуулиа хийсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР