Шинэ Ерөнхийлөгч хаан байх уу, заан байх уу?

Хуучирсан мэдээ: 2017.06.13-нд нийтлэгдсэн

Шинэ Ерөнхийлөгч хаан байх уу, заан байх уу?

Америкийн алдарт жүжигчин, дуучин, бүжигчин, бизнесмен Женнифер Лопес долоохон хоногийн өмнө 43 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ.

Гурван нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр айл болгонд очсон ч пи-ар нь нөгөө л гүжирдлэг, гүтгэлэг, хэрүүл, талцлаар үргэлжилж байна. Иргэд, сонгогчид тэдний гадаад болон дотоод бодлого нь юу байх вэ гэдэгт нь биш хэн нь “эх оронч” вэ гэсэн ач холбогдолгүй  асуултад ач холбогдол өгсөөр сууна. 

Уг нь хоёр долоо хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Монголын гадаад харилцаа, хууль, эдийн засаг, нийгэм, байгаль орчны чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэх гэдгийг том утгаар нь харж чадвал өөр хоорондоо талцаад байгаа “эх оронч нь хэн бэ” гэсэн асуултынхаа хариултыг амархан олчихно л доо. Гэвч, мөрийн хөтөлбөрөөс нь илүү хар пиар дээр нь сонгогчид “зодолдоод”, зонхилон анхаараад л өнгөрөх бололтой.

Энэ жил хоёр удаа ард нийтийн санал хураалт явагдаж магадгүй байгаа. Зургадугаар сарын 26-нд монголчууд тав дахь Төрийн тэргүүнээ сонгох бол ирэх намар эцэг хуулийг өөрчлөх асуудлаар ард нийтийн санал асуулга авахаар эрх баригчид төлөвлөсөн. Энэ дагуу долоо, найм, есдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон билээ.

Арав гаруй жил яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт шинэ Ерөнхийлөгчийн шинэ бодлоготой шууд холбогдох нь гарцаагүй бөгөөд бас олон нийтийн анхаарлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас дутуугүй татах болов уу.

Хэдийгээр УИХ-д МАН-ынхан 65 кноптой ч шинэ Ерөнхийлөгчийн дэмжлэггүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт хийгдэх боломжгүй. Чухам иймээс л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван эрхэм засаглалын ямар хэлбэрийг дэмжиж байгаа нь хэн эх оронч вэ гэсэн хэрүүлийн чанартай жижиг асуудлаас илүү чухал сэдэв юм.

Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх үү, хийгдвэл парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламент нь дээд доод хоёр танхимтай болох уу, парламентын засаглалтай хэвээр үлдвэл супер эрх мэдлийг Ерөнхий сайддаа олгох уу гээд олон зүйл шинэ Ерөнхийлөгчийн бодлоготой холбогдож таарна. Өөрөөр хэлбэл, Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын энэхүү баталгаа, баримт бичиг хэрхэн өөрчлөгдөх нь хэн Ерөнхийлөгч болохоос шалтгаалж байна.

М.Энхболд

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Анхдугаар зөвлөлдөх уулзалтын үеэр МАН-ын нэр дэвшигч М.Энхболд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнийхээ санал асуулга дээр тулгуурлаж хийх ёстойг сануулсан юм. 

Эрх барьж буй олонхийн бодлогыг харвал парламентын сонгодог тогтолцоог бий болгох, Ерөнхий сайдад супер эрх мэдэл олгох явдал. Хэдийгээр М.Энхболд Ерөнхий сайдад илүү эрх мэдэл олгох ёстой гэж амаараа хэлээгүй ч, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд парламентын засаглалыг илүү сонгодог болгох тал дээр намынхандаа зөвлөж, чиглүүлж байгаа нь тодорхой. Намын дарга, УИХ дарга хэрэвзээ хүсээгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад илүү эрх мэдэл олгох хуулийн төсөл гишүүдийн гарт хүргэгдэхгүй байсан ч биз.

МАН засгийн эрхэнд гарсны дараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ болон Засгийн газрын төвшинд ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэхүү хоёр ажлын хэсгийн гаргасан дүгнэлт нь парламентаа тараах, танхимаа бүрдүүлэх эрх мэдлийг Ерөнхий сайдад олгох нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, хуулийн төслөө ард нийтээр хэлэлцүүлэхээр бэлтгэж буй.

Х.Баттулга

Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах намынхаа сунгаанд оролцохоо зарлахдаа Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн Д.Дорлигжавын байр суурийг Х.Баттулга ч дэмжиж байгаа нь тэр хоёрын зурагтаар цацсан сонгуулийн сурталчилгаа-ярилцлагаас  нь тодорхой болсон. Гэхдээ Х.Баттулгын хэлсэн  шиг иргэдийн 70-80 хувь нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна гэдэг нь бол үнэндээ  хэтрүүлэг. Энэ талаар ямар нэгэн санал асуулга одоогоор явагдаагүй, иргэд ч өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй гэсэн байр суурийг гаргадаг.

Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэсэн уриалга гаргасан Д.Дорлигжавын үг үйлдэл, Х.Баттулгын санал бодолтой яг цав давхцах нь тохиолдлын гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ Ардчилсан намд Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцдэг хүн цөөнгүй. Учир нь, хоёр их гүрний дунд орших Монголын тусгаар тогтнолын нэг баталгаа нь парламентын засаглал гэж тайлбарлах улстөрч бий. Учир нь, Ерөнхийлөгчийн засаглал нь “дархлаа” ихтэй тогтолцоо бөгөөд нэгэнт сонгогдсон бол тэр хүн юу ч хийж байсан, ямар ч хууль зөрчсөн огцруулах аргагүй институт болж хувирдаг аюултайг улс төр судлаачид сануулах нь элбэг.

Ямар ч байсан Х.Баттулгын хувьд хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг горилж буй нь нэгэнтэй ойлгомжтой болсон ч түүний эсрэг талд 65 кноптой үнэмлэхүй олонх байгаа гэдгийг сануулахад буруудахгүй биз.

С.Ганбаатар

МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын уриандаа дэвшүүлсэн “өөр гарц” нь Үндсэн хуулийн өөрчлөлт бололтой. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үедээ “Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байна. Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа”-гаа дуулгасан. Тэр нь өнгөрсөн хавар МАХН-ын боловсруулсан таван бүлэг 51 зүйл бүхий хуулийн төсөл болох нь тодорхой.

Уг төслийн товч санаа нь ерөнхийдөө Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэсэн утгатай. Гэхдээ Их, Бага гэсэн хоёр хуралдайтай байхаар төслөө боловсруулсныг харахаар парламентын хоёр танхимтай байх тогтолцоог дэмжсэн ч юм шиг. 

Гэхдээ Монгол Улс ямар засаглалтай байхыг шинэ Ерөнхийлөгч биш, ирэх намар явуулахаар бэлтгэж буй ард нийтийн санал асуулгын дүн шийднэ. Энэ санал асуулгын дүнгээс Монгол Улсын Ерөнхийлөгч хаан уу, бэлгэ тэмдэг үү гэдэг нь ч мөн шийдэгдэх учиртай. Өнгөрсөн 25 жилд Монголд лидер төрөөгүй гэвэл лидерээ төрүүлэх засаглалын ямар хэлбэр сонгох нь ирэх намрын халуун сэдэв байх нь дамжиггүй биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж