“Монголд үйлдвэрлэв-2011” үзэсгэлэн пүрэв гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

“Монголд үйлдвэрлэв-2011” үзэсгэлэн пүрэв гаригт эхэлнэ

Жил бүрийн цагаан сарын өмнөхөн уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-2011” үзэсгэлэнг энэ сарын 20-25-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулахаар болжээ. Тав дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнг ХААХҮ-ийн яам зохион байгуулдаг байсан бол энэ жилээс энэ үүрэг Жижиг дунд үйлдвэрийн газарт шилжжээ. Тус газраас үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг бүртгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 120 гаруй байгууллага бүртгүүлжээ. Цаашид ч бүртгүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрүүд цөөнгүй байгаа ч үзэсгэлэнгийн талбайн хүрэлцээ хангамж муугаас оролцогчдын тоог хязгаарлахад хүрчээ. Үзэсгэлэнд арьс шир, оёдол, нэхмэл, төмөрлөг, газар тариалан, хүнсний зэрэг нийт 11 салбарын төлөөлөл оролцох юм. Жижиг дунд үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгээс шилдгийн шилдгүүдийг шалгаруулах ажээ. Имдортыг орлосон, экспортод гаргасан бүтээгдэхүүнүүдээс хамгийн шилдэгт нь “Гран при” шагнал хүртээх бөгөөд салбар бүрээс шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийг тодруулж, шагнаж урамшуулах юм байна. Цагаан сарыг угтан зохион байгуулах үзэсгэлэнгээс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломжийг ч хэрэглэгчдэд давхар олгохоороо онцлог гэж зохион байгуулагчид ярилаа.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж