Чехэд зорчих визний асуудлыг нааштай шийдэх гарц хайж байна гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чехэд зорчих визний асуудлыг нааштай шийдэх гарц хайж байна гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Чехэд зорчих визний асуудлыг нааштай шийдэх гарц хайж байна гэв

АХ-ын 91 жилийн ойн баяр наадам албан ёсоор маргааш эхлэх хэдий ч аймаг, орон нутгуудын хувьд найр наадам эхлээд нэлээд хэд хонож байна.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ 

Бүгд найрамдах Чех улс /БНЧУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гроллова өнөөдөр Чех улсад зорчих визний цаг авахад өөрчлөлт орсон тухай мэдээлэл хийлээ. 

Хууль бусаар БНЧУ-д зорчуулах виз зуучлах иргэдийн үйлдлийг зогсоохын тулд тус Элчин сайдын яам өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн урт хугацааны болон оршин суух ангиллын виз мэдүүлэх иргэдэд зориулан “Хүлээлгийн жагсаалт” гэх үйлчилгээг туршилтын хугацаагаар нэвтрүүлсэн билээ. 

Энэ нь урт болон богино хугацааны виз хүссэн иргэдийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар авч, визэнд орохоор өмнө нь бүртгүүлсэн мэдүүлэгчдийн гомдлыг шийдвэрлэх зорилготой байсан юм. 

Хүлээлгийн жагсаалтыг туршиж эхэлснээс хойших дөрвөн долоо хоногийн хугацаанд 11 мянга гаруй монгол иргэн 2025 он цаашлаад 2030 он хүртэл Чех улс руу зорчихоор бүртгүүлсэн байжээ. Дээрх виз мэдүүлсэн бүх иргэнийг Чех руу явуулах боломжгүй учир, туршилтын системийн доголдлыг засаж, арилгах шаардлага байна. Ингээд гуравдугаар сарын 12-ны өдөр бүртгэлийн системийг хариуцсан технологийн компани нь засварласан байна. Үүний дараа Чех улсад ажиллах визний мэдүүлэгт орохоор бүртгүүлсэн иргэдийн урьдчилсан мэдээлэл шууд устжээ. Гэхдээ иргэдэд визний мэдүүлэгт орох бүртгэл нь хүчингүй болсон тухай мэдээлэл нь Чехийн ЭСЯ-аар дамжилгүй, автоматаар шууд иргэдэд очжээ. Мөн засварын дараа системд ямар нэгэн өөрчлөлт орох эсэхийг технологи хариуцсан компанийн зүгээс Чехийн ЭСЯ-д мэдэгдээгүй байсан гэнэ. Тиймээс БНЧУ-ын ЭСЯ-ныхан бүртгэл нь цуцлагдсан иргэдийн өргөдлийг Чехийн ГХЯ-нд уламжилж, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт гарц хайж эхэлсэн байна. Тодруулбал, Чех Монголын хоёр тал энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй гэлээ.

 

Өнөөдрийн байдлаар Чехийн ЭСЯ-нд урт хугацааны болон оршин суух ангиллын виз мэдүүлэх бүртгэлд орсон 700 гаруй монгол иргэн байгаа аж. Гэвч иргэд материалаа дутуу бүрдүүлэх, ярилцлагадаа ирэхгүй алга болох зэргээр хариуцлагагүй хандаж, яамныхны ажилд саад болох тохиолдол гарч байгаа аж. Иргэдийн энэ хариуцлагагүй үйлдэл эргээд виз олгох үйл ажиллагааг удаашруулж, бусад виз мэдүүлэгчийн цагийг хойшлуулахаас аргагүй нөхцөл үүсгэсэн тухайгаа БНЧУ-аас Монгол Улсад суугаа Оны бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова тайлбарлалаа. Мөн тэрбээр “Чехийн ЭСЯ гурван үндсэн ажилтантай, тэдний хүчин чадалд тааруулж виз мэдүүлгийн ажлыг тэгш хуваарилан хийдэг” гэсэн юм. 

Д.УУДАМ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс