Дэлхийн аялал жуулчлалын хамгийн томд тооцогдох ХБНГУ-ын Ай Ти Би Берлин (ITB Berlin) үзэсгэлэн нь ирэх гуравдугаар сарын 9-11-нд болно. 2011 оноос эхлэн үзэсгэлэнг зохион байгуулагч Мессе Берлин ХК-аас “Соёлын түнш орон” хэмээх шинэ категорыг бий болгосон. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 204дүгээр тогтоолоор Монгол Улс “ITB Берлин-2011” үзэсгэлэнгийн Соёлын түнш орноор оролцохоор болжээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол улс “Соёлын түнш орноор” оролцсоноор манай улсын аялал жуулчлалын салбарын хэмжээнд анх удаагаа хийж буй томоохон хэмжээний гадаад сурталчилгааны ажил юм байна. Өнгөрсөн оны байдлаар энэхүү үзэсгэлэнд нийт 187 орны 11,127 бизнесний төлөөлөл оролцсон байгаа юм. Германы жуулчдын хувьд хамгийн их өртгөөр аялдаг бөгөөд өнгөрсөн жил Монгол оронд аялсан Герман жуулчдын тоо 6995 хүрч, Монгол оронд аялж байгаа Европын орнуудын жуулчдыг тэргүүлсэн хэвээр байна. Герман нь манай орны хувьд Европоос хамгийн ойр (МИАТ-ийн шууд нислэгтэй) томоохон аялал жуулчлалын зах зээл юм. Үзэсгэлэнд Монголын талаас аялал жуулчлалын бизнес эрхлэгч нийт арван аж ахуй нэгжийг сонгон шалгаруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах ажээ.
Ж.ГЭГЭЭ