Манайд “жуулчдын” гэх сүржин тодотголтой даржин гудамж бий. Жуулчид сонирхохоор зүйл тэнд үнэндээ үгүй. Муу нэртэй ч Улаанбаатарын нүүрийг талхалдаг хуруу дарам газар нь Гандан, Зайсан толгойгоор дуусна. Жуулчид гэлтгүй бид ч зуны дэлгэр цагт оройдоо үр хүүхдээ тоглуулангаа салхилчих газар үнэндээ үгүй. Амралтын өдрүүдэд Туул голыг дагаад бишгүй машин багширч, хогондоо дарагдах нь холгүй байгаа шалтгаан нь нөгөө л амрах, зугаалах газар хотод үгүйлэгдэж буйн нотолгоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэхэд үдшээр хүний хөл тасардаггүй. Гэхдээ тэнд машины зогсоол маруухан. Тиймээс эртхэн очих эсвэл алхаж, хүний унаанд дайгдах хоёрын аль нэгийг нь сонгоно. Ингээд л гүйцээ.
Харин өнгөрсөн долоо хоногт “Анхны шөнийн гудамж” гэх агуулгын алдаатай танилцуулга Алтан тэвшийн хөндийнхний анхаарлыг эрхгүй татав. Монголын нийслэлд анх удаагаа шөнийн гудамж байгуулахаар болсон тэрхүү мэдээ үнэхээр таатай сонсогдов.
2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилтыг тусгаж, энэ ажлын хүрээнд энэ гудамжийг нээж буйгаа учирлав.
Энэхүү зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулсан аж. Гэхдээ тохижилтын ажил бүрэн хийгдээгүй байгаа гэнэ.
Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгосон манай үнэхээр анх удаа хийж буй ажил мөн үү, мөн.
Хуучнаар “Сөүлийн гудамж”-нд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож, явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлууд хийсэн гэж албаныхан тайлбарлаж байна.
Цаашид шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн баасан гарагийн 22.00 цагаас даваа гарагийн 06.00 цаг хүртэл ажиллана. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан, хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой болох юм.
Харин хүүхдүүдэд тоглоомын талбай, залууст чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх газар үгүйлэгдэж байна гээд байсан нийслэлчүүдийн зарим нь үүнд дургүйцэв.
Тэр нь шөнийн гудамж бий болсноор ойр орчмынх нь орон сууцныхан амрах боломжгүй боллоо гэх гомдол.
Гэхдээ үүнд юу юугүй бухимдах шаардлагагүй болов уу. Цаашид ид шөнийн цагаар нүргэлтэл хөгжим тавихгүй байх тал дээр нь анхаарчихвал харин ч аятайхан орчин бүрдэх талтай. Үйлчилгээ таалагдахгүй байж болно л доо. Гэхдээ энэ бол эхлэл. Цаашид дутуу дулимгаа гүйцээгээд, хотын төвдөө аятайхан газартай болоод, тэнд нь Монгол үндэсний соёл, хоол, заншлыг сурталчилсан бүхий л үйлчилгээг нэвтрүүлж чадвал бид өвлийн цагт ч энэ гудамжаараа хөөрхөн мөнгө олчих боломж байна.
Харин ч хол бус хотын төвдөө ийм гудамжийг байгуулж, үйлчилгээг нь улам сайжруулахад ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй санагдана. Ийм л гудамжийг дахиад хэд хэдийг онцлогт нь зохицуулаад тохижуулбал үнэндээ хотын иргэд л хожино. Зуны дэлгэр цагт 00 цаг болонгуут бүх дэлгүүр, цэнгээний газар нь хаалгаа барьж, амьдрал тэр чигтээ зогсдог хотдоо бид гаднынханд юу харуулж, ямар үйлчилгээ үзүүлээд байгаагаа ч ойлгодоггүй. Гандангийн хашаа тойрсон байрлалтай, хүн алхахад хэцүүхэн үнэртэй шашны эд зүйлсийн дэлгүүрээр үйлчлүүлэхийн тулд мөнгө зарцуулан Монголыг зорих жуулчид үгүй л болов уу?
Улаанбаатарт түр амсхийгээд хөдлөхөд нь өөрсдийн ёс заншил, хоол хорхгоо амтлуулангаа хэдэн долларыг нь аваад үлдэхэд ийм л энгийн хэр нь цэвэрхэн, бас аюулгүй гудамж хэрэгтэй. Тиймээс ч дахиад тоог нь нэмэгдүүлж, үйлчилгээг нь сайжруулан, арай өөр цагийн хуваарьтай болгоё. Тэр нь шөнийн хуваарь байг.
Холбоотой мэдээ