АНУ-ын Мэрилэнд муж болон Колумбийн тойргийн ерөнхий прокурорууд Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг зарга үүсгэхээр төлөвлөж байна хэмээн хэвлэлүүд мэдээллээ. Ерөнхийлөгч Трамп Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэсэн гомдлыг өнөөдөр /2017.06.12/ шүүхэд өгөхөөр зэхэж байгаа ажээ.
Трампын гадаадын хөрөнгө оруулалтын бизнес нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэж тэд үзэж байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Трамп хувийн бизнесээ хүүхдүүддээ шилжүүлнэ хэмээн амласан ч бизнесийнхээ үйл ажиллагааг хянасаар байгаа нь ийнхүү гомдол гаргах үндэслэл болж байгаа юм.
Трамп бизнесийн үйл ажиллагааныхаа талаарх санхүүгийн мэдээллийг авсаар байгааг хүү Эрик нь нотолсон нь Трамп хувийн бизнесээ хянасаар байгааг нотолж байна гэжээ.
Хэрвээ шүүх гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэх юм бол Ерөнхийлөгч Трампын татварын баримтууд болон гадаадын хөрөнгө оруулалтын талаарх санхүүгийн мэдээллийн хуулбарыг шүүх шаардах эрхтэй болох юм.
А.ТУЛГА