Пуэрто Рикод Ням гаригт явагдсан санал асуулгад оролцогсдын 97 хувь нь АНУ-ын муж болох нь зөв гэж Ням гаригт /2017.06.12/ болсон санал асуулгад хариулжээ. Гэхдээ санал асуулгын ирц тун чамлалттай байжээ. Иргэдийнх нь дөнгөж 23 хувь оролцсон байна.
Пуэрто Рико бол Карибын тэнгист Антиллын арлуудын хажууд байдаг арал. АНУ-ын төр захиргааны шууд мэдэлд байдаг. Гэхдээ газар нутгийн хувьд АНУ-д хамаардаггүй. Пуэрто Рико нь өөрийн гэсэн Үндсэн хуультай, Үндсэн хуулийнхаа дагуу хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх засаглалтай. Иргэд нь АНУ-ын Пуэрто Рикогийн гэсэн хоёр иргэншилтэй. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхгүй. Пуэрто Рикогийн ийм саармаг байдал олон асуудлын эхийг тавьдаг. НҮБ-ын зүгээс ч Пуэрто Рикогийн эрх зүйн байдлыг цэгцлэхийг шаарддаг.
2012 онд Пуэрто Рикод хоёр шатны санал асуулга явуулсан байдаг. Эхний шатны санал асуулгаар иргэдийн 54 хувьд нь улс төрийн статусаа өөрчилсөн нь зөв хэмээн үзсэн. Хоёр дахь шатны санал асуулгаар статусаа хэрхэн өөрчлөх эсэхийг асуусан бөгөөд пуэрто-рикочуудын 51 хувь нь АНУ-ын 51 дэх муж болох ёстой гэсэн бол 31 хувь нь АНУ-ын мэдэлд боловч өөрийн гэсэн эрх мэдэлтэй байна гэж, харин дөнгөж дөрвөн хувь нь бие даасан тусгаар улс байх ёстой хэмээн хариулжээ.
Ням гаригт болж өнгөрсөн санал асуулгаар ийнхүү АНУ-ын муж болох нь зүйтэй гэж дийлэнх иргэд нь хариулсан учраас АНУ-ын Конгресст хандан хүсэлт тавих юм.
А.ТУЛГА