Нийслэлийг тойроод дөрвөн түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Түймэр

Нийслэлийг тойроод дөрвөн түймэр гарчээ

Лопес живж байгаа хүнийг аварснаар ажлын байраа орхисон хэрэгт буруутгагдан ажлаасаа халагдсан билээ.

Богд уулын энгэр буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Баруун ширээт уулын зүүн талд Дугуй цагаан хад хэмээх газарт хоёр га талбайд ойн түймэр гарчээ. 

Түймрийг унтраахаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 60 албан хаагч дөрвөн автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулжээ. 

Хоёр дахь түймэр нь тус дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ширээт уулын баруун дээд энгэрт таван га газрыг хамарчээ. Зөвхөн энэ түймрийг унтраахаар 43 албан хаагч дөрвөн автомашин, техниктэй ажиллаж байгаа гэх мэдээллийг албаныхан хэллээ. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салаа, Бумбатын ам орчимд нэг га газарт гарчээ. Түймрийг унтраахаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч хоёр автомашинтайгаар ажиллаж байна. 

Дөрөв дэх түймэр нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаа, Хустайн аман дахь Төмрийн цоорхойд гарсан байна. Найман га талбайг хамраад буй ойн түймрийг унтраахаар 60 албан хаагч дөрвөн автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд, олон нийтийг шаардлагагүй бол ногоон бүсэд зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Сэлэнгэ, Хэнтий, Төв аймагт түймэртэй байна

2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 15, 12 аймгийн 43 суманд 73 удаа, нийт 88 удаа гарсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр түймэр асч байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сум, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гарсан түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. Харин Төв, Дорнод аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраан орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгчээ.

Өнөөдрийн байдлаар унтраагүй түймрийн тухайд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.08/ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 48 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Дааган дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын долоон ажилтан, нийт 42 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчим /Төв аймгийн Эрдэнэ сумаас хойд зүгт 200 км-т, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урд зүгт 120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн зүгт 110 км-т/ ойн түймрийн голомтод /2017.05.17/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 27 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 4 ажилтан, орон нутгийн 3 хүн, нийт 67 хүн, ажиллаж, өнгөрсөн лхагва гаригт /2017.06.07/өдөр цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Харин Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.09/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 60 хүн, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнгөрсөн ням гаригт /2017.06.11/ бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн аж.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Чандмань-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 250 кмт/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 21 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 50 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөөдөр /2017.06.12/-ны өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгчээ.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас давхар анхаарууллаа.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж