Маргаашнаас зарим нутгаар бороо орно

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Маргаашнаас зарим нутгаар бороо орно

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” зургадугаар сарын 25-нд Английн Лондон хотноо эхэлж, өнгөрсөн амралтын өдрүүдэд аваргууд тодорлоо.

-Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувь гандуу байна-

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хэт халж, хур бороо орохгүй хуурайшилтай байна. Ялангуаяа тариалангийн бүс нутгаар бороо оролгүй удаж байгаа нь тариалан эрхлэгчид, малчдын санаа чилээх асуудал болоод байна. 

Тиймээс бид зургадугаар сард цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын цаг уурч Ч.Сарантуяагаас тодруулж, дараах мэдээллийг хүргэж байна. 

-Өнөөдрөөс ихэнх нутгаар халж байх шиг байна. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Зургадугаар сард ихэнх нутгаар халах төлөвтэй байгаа. Ялангуяа энэ долоо хоногт нутгийнхаа өмнөд хэсгээр 28-34 хэм хүрч халахаар байна. Маргааш говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн бүс нутгаар 28-34 хэм хүрнэ. Ойрын өдрүүдийн цаг агаарын ерөнхий төлөвөөр маргааш буюу зургадугаар сарын 13-нд баруун аймгуудын хойд хэсэг, зүүн аймгийн баруун хэсгээр, 14-нд Төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Хур тунадас орохтой холбоотойгоор цаг агаар бага зэрэг сэрүүснэ. Мөн энэ сарын 16-нд Төв болон зүүн аймгийн хойд хэсгээр, 17-нд зүүн болон баруун аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Энэ сарын 18, 19-нд нутгийн зарим аймгуудаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орох төлөвтэй байна. 

-Ихэнх нутгаар хур бороо багатай, гандуу байгаа гэгдэж байна. Ер нь зургадугаар сард хур тунадас хэр орох бол? 

-Өнгөрсөн тавдугаар сард хур тунадас багатай байсан. Энэ сард бас л хур бороо бага орох төлөвтэй байна. Одоогоор нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургамал тун тааруу байна. Нутгийн 30 гаруй хувьд ургамлын гарц харьцангуй сайн байна. Тухайлбал, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар бэлчээрийн ургамал муу байгаа бол Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын хойд тал, Сүхбаатарын өмнөд хэсэг, Ховд аймгийн урд хэсэг, Архангай, Өмнөговь аймгийн хойд талын нутгаар бэлчээрийн ургамал сайтай байгаа. Өнгөрсөн тавдугаар сарын 9-нөөс нутгийнхаа баруун хагас, Төвийн нутгийн баруун тал газраар бороо орсон. Зарим газраар дуу цахилгаантай ширүүн бороо орлоо. Энэ сарын дунд 10 хоногийн тойм энэ сарын 20-нд гарна.

-Зургадугаар сард хэт халалт, хэт сэрүүснэ гэж ойлгож болох уу?

-Зургадугаар сарын дунджаар нутгийн хойд бүс нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан гарсан. Ихэнх нутгаар 30 хэм хүрч халж байна. 

Өнгөрөгч өдрүүдэд Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн ихэнх нутгаар бороо орсон ч Сэлэнгийн нутгаар тун бага бороо орсон. Ерөнхийдөө зүүн аймгууд болон говийн нутгаар хур тунадас маш бага орсон байна. Ялангуяа зүүн гурван аймагт огт бороо ороогүй байна. Өчигдөр харин Дундговь, Дорноговийн зарим газраар 2-5 мм хүртэл бага зэргийн бороо оржээ. Ерөнхийдөө газрын хөрс их хуурайшилтай байгаа. Ийм үед хэчнээн сайхан борооны үүл үүссэн ч хуурайшил, салхи ихтэй байгаа нь нөлөөлж байна. 

-Газар тариалангийн бүс нутгаар ойрын хугацаанд хур тунадас орох шинж тэмдэг байгаа юу?

-Газар тариалангийн бүс нутгуудад удаан хугацаагаар шивэрч орох хур бороо ажиглагдахгүй. Энэ сарын 16, 17-нд баруун болон Төв аймгийн нутгаар түр зуурын шинжтэй бороо орох төлөвтэй байгаа. 

Ер нь уур амьсгалын судалгаагаар Монголын нутагт цаг агаарын өөрчлөлт ажиглагдаж байна. Тухайлбал зуны улиралд орж буй хур тунадасны хэмжээ багасч байна. Орж байгаа хур борооны эрчим ширүүсч, богино хугацаанд их устай бороо ордог болсон. Түр зуурын бороо орох давтамж бас нэмэгдэж байгаа. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын л улбаа. Газрын хөрсний хуурайшилт ихэсч, хур бороо орох нь багассан. Ширүүн устай ордог бороо үер ус дагуулдаг бөгөөд үр өгөөж нь бага байдаг. Харин шиврээ бороо, зүсрээ бороо гэх мэт хугацаа урттай орсон бороо нь газрын гүнд чийг өгч, үржил шимээ өгдөг. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж