УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу зургадугаар сарын 9-нд түр завсарлуулах чиглэлийг УИХ барьж байсан ч хойшлуулсан.
УИХ-ын гишүүдийн хувьд өнөөдөртөө багтаж хаврын чуулганыг түр завсарлуулах захирамж гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.
УИХ-ын даргын зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаад, ажлын хуваариа гаргасан. Түүгээр бол өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг, мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулахаар, маргааш ажлын хэсэг хуралдана. Гэвч одоогоор УИХ дахь намын бүлгүүдээс аль нь ч хуралдаанаа эхлээгүй байна.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах үеэрээ “Хаврын чуулганыг зургадугаар сарын 14-өөс эхлэн 14 хоногийн хугацаатай түр хугацаагаар завсарлуулах чиглэл барьж байна” гэдгийг тодотгосон.
Тиймээс ирэх лхагва гаригт хаврын чуулганыг түр завсарлуулах болж буй юм.
УИХ-ын даргын захирамж гарсан нөхцөлд чуулган зарлан хуралдуулахгүйгээр шууд хаврын чуулганыг түр завсарлуулах боломж нээлттэй юм байна.
Г.ДАРЬ