Хэнтий аймгийн ихэнх суманд гандуу байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хэнтий аймгийн ихэнх суманд гандуу байна

Хуучирсан мэдээ: 2017.06.12-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн ихэнх суманд гандуу байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 13 сум, Бичигт авто замын шалган нэвтрүүлэх боомт, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай хотод 2017 оны 06 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд ажиллаад ирлээ.

Хэнтий аймаг 2017 он гарснаас хойш гамшигтай тэмцэх, сэргээн босгох үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн гамшигтай тэмцэх сангаас нийт 56,9 сая төгрөгийг зарцуулсан байна.

Мал, амьтны гоц халдварт өвчний хувьд Батноров, Норовлин, Баян-Овоо, Баянхутаг 4 суманд шүлхий, харин Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Биндэр зэрэг 11 суманд цэцэг өвчин тус тус гарч, нийт 707 малыг зориудаар устгажээ.

Улсын онцгой комиссын 2017 оны 01 тоот “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2,5 сая төгрөгийн шагналын сантай болзолт уралдааныг зарласан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд томилгоожуулж, зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийн судалгааг гаргаж, бэлтгэсэн. Мөн Хилийн цэргийн 0287 дугаар ангитай хамтран 2013-2016 онд Дадал, Биндэр суманд байгуулсан түймрээс хамгаалах хилийн 175 км шороон зурвасыг 10 метр өргөнтэй байсныг 30 метр болгон сэргээн засварлах, шинээр зурвас татах ажлыг холбогдох газруудтай хамтран зохиож байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, орон нутгийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 4,0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, 2 шуурхай бүлгийг 14-21 хоногийн хугацаатай ажиллуулсан нь үр дүнгээ өгчээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт ой, хээрийн түймэр 6 удаа гарч, 54,0 мянган га талбай өртөж, байгаль экологид 32,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Түймрийн 3 эзэн холбогдогчийг тогтоож, 1,2 сая төгрөгөөр торгон, түймрийн 2 эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хуурайшилт ихтэй, ихэнх суманд гандуу, ургамлын гарц муу байгаа тул 8 удаа үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулж, 23 пуужин зарцуулаад байна.

Аймгийн Онцгой комисс 2017 оны эхний хагас жилд гарсан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал, зориудаар устгасан малын нөхөн төлбөр, Дадал суман дахь хилийн цэргийн ангид түймрээс хамгаалах зурвас татах зориулалтаар 1 трактор авах зэрэгт шаардагдах нийт 500,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссоос хүссэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-12 202.55.191.205

Юун гандуу вэ Ган болчихоод байгаа юм шүү\n