Батлан хамгаалахын сайд Афганистанд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Афганистанд ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөгчид  Афганистан улсад болж буй олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс оролцож байгаа цэргийн багийн нэгдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтэй газар дээр нь танилцах, НАТО-гийн болон Афганистаны БХЯ-ны удирдах албан тушаалтнуудтай ажлын уулзалт хийх зорилгоор тус улсад уржигдар хүрэлцэн очлоо.
    Батлан хамгаалахын сайдыг Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудалд цэргийн багийн захирагч, үндэсний ахлах төлөөлөгч дэд хурандаа Д.Жавхланбаяр угтан авсан юм.

    Афганистаны нийслэл Кабул хотын төвд байрлах Монгол дайчдын байрлалын “Эггерс” баазад Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийг хүрэлцэн очиход олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд гар бие оролцон, дарийн утаа үнэрлэж байгаа манай цэрэг эрс төрийн дууллын аялгуун дор гүн хүндэтгэлтэйгээр ёслон угтсан билээ. Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга Б.Баярмагнай болон дагалдан яваа албаны хүмүүс эх орноосоо алс холд үүргээ нэр төртэй биелүүлж яваа цэргийн багийнхантайгаа халуун дотно уулзаж, албаа амжилттай гүйцэтгэж байгаа нэр бүхий цэргийн албан хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг гардуулж, ар гэрээс нь хүргүүлсэн захидал илгээмжийг хүлээлгэн өгөв.    
 
Л.Цэнгэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж