Өнөөдөр амьдрал дээр чанар, стандартгүй, захиалагч нь хүлээн авсан, гүйцэтгэгч нь хийсэн нэр зүүж төсвийн хөрөнгө мөнгийг үр ашиггүй зарсан хөрөнгө оруулалтын ажлууд хөдөө орон нутаг, төв суурин газруудад ихээр хийгдэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ талын зөрчилд хариуцлага хүлээлгэх заалтууд байдаг ч тэдгээр нь хэрэгждэггүй, хэрэгжүүлэх субъект нь ч тодорхой бус, ногдуулж байгаа торгуулийн хэмжээ нь хууль зөрчсөнөөс үүдэн гарах сөрөг үр дагавар, үр дүнтэй харьцуулахад дэндүү бага байна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Иймээс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох үүднээс Эрүүгийн хуульд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчих” гэсэн зүйлийг нэмэлт болгож оруулах шаардлагатай гэж үзэж хуулийн төсөл санаачилжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.