Үндсэн хуулийн ажлын хэсэг хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн ажлын хэсэг хуралдав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдааныг өнөөдөр даргалан хийлгэж, ажлын хэсэг байгуулах болсон учир шалтгаан, ажлын хэсгийн чиг үүрэг, анхаарах асуудлын талаар санал бодлоо хэлж, ажлын чиглэл өгөв.

     УИХ-ын дарга 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 05 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

    УИХ-ын дарга ажлын хэсгийн анхны хуралдаан дээр хэлэхдээ, нийгмийн хурдацтай хөгжил, бодит байдлын өөрчлөлт, цаг үедээ тавигдаж буй шаардлагад Үндсэн хуулийн зарим зүйл заалт төдийлөн нийцэхгүй болсныг нийгмийн амьдралын 20-иод жилийн үр дүн харуулах боллоо. Үндсэн хуулийг нэг мөр ойлгож, онол арга зүйн хувьд улсын хэмжээнд дагаж мөрдөхөөр Үндсэн хуульд тайлбар хийх зохицуулалт байхгүйгээс сонгогчдын “шууд сонгох эрх”, хотын эрх зүйн үндэс, засаг захиргааны үндсэн нэгжийн удирдлагыг сонгох, томилох зэрэг асуудлаар маргах, өөрсдийнхөөрөө тайлбарлах явдал гарсаар байна. Түүнчлэн арван жилийн өмнө Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг судалгаа, үндэслэл муутай хийлээ гэж нийгмийн нэг хэсгийн зүгээс эсэргүүцэх явдал ч гарсаар байна. Сүүлийн үед хууль санаачлагч субъектүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэх боллоо. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах асуудлыг судлан үзэж санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг захирамжаараа  байгуулсан тухайгаа Үндсэн хуулийн өдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр нийт ард иргэддээ хандаж мэдэгдсэн.

     Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, тэр дундаа шинэ Үндсэн  хуулийг батлахад оролцож байсан гишүүдийг түлхүү оруулсан. Түүнчлэн парламентад суудалтай улс төрийн намуудын дарга нар, намын бүлгийн ахлагчид, иргэний байгууллагууд, шинжлэх ухааны салбарын төлөөллүүдийг өргөнөөр оролцууллаа. 

     Улсын Их Хурлын даргын захирамжаар өнгөрсөн онд Ажлын хэсэг байгуулан эрдэмтэн, мэргэжилтэн, судлаачдыг оролцуулж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг саяхан батлан гаргасан. Энэ хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн хэн ч халдашгүй амин сүнс болсон гол үзэл баримтлал, үндсэн бүтэц, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг хязгаарласан юм. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулахгүй байх, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ардчилсан ёс, шударга ёсыг сахих, хууль дээдлэх, Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгтмэл улс бөгөөд  нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч олон хэвшил бүхий эдийн засагтай байх, монгол хэл  төрийн албан ёсны хэл мөн болох, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах зэрэг 25 зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон юм.

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг сахин хангасан байх ёстой. Иймээс ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд ажиллах ёстой. Тэгэхдээ иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амьд явах нөхцөлийг баталгаатай бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг өргөтгөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг оновчтой болгох, Үндсэн хуулийн хамгаалалт, хяналтыг бэхжүүлэх, түүнчлэн Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтийн зүгээс гарч буй саналыг судлан үзэж, төсөл боловсруулах үүрэгтэй юм.

    Үндсэн хуульд нэгэнт оруулсан өөрчлөлт нь хуульд зааснаар найман жилийн хугацаанд хөндөгдөхгүй, тогтвортой мөрдөгдөх тул Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хууль санаачлагчид тус тусдаа боловсруулах биш, гаргаж буй саналуудыг ул суурьтай судлан үзэж, нэгдсэн байдлаар цэгцлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

     Хугацааны хувьд ажлын хэсэг боловсруулсан саналаа тавдугаар сарын 1 гэхэд оруулж ирэх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар УИХ төслийг нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол дунд нь өөр асуудал хэлэлцэхгүйгээр тасралтгүй хэлэлцэж шийдвэрлэх хуультай учраас асуудлаа сайн боловсруулж, сайн санал гаргаж хуулийн хэлбэрээр оруулж ирэхийг зөвлөв.

     Мөн ажлын хэсгийн гишүүн бүр тодорхой үүрэгтэй оролцох, шаардлагатай бол эрдэмтэн, судлаачид, улстөрчид, олон нийтийн байгууллагын төлөөллийг оролцуулан ажлын дэд хэсэг байгуулах, асуудал боловсруулж эхлэх үеэс ард иргэдэд ил тод нээлттэй ажиллах хуулийн заалтыг мөрдөж ажиллах нь зүйтэйг тэрбээр онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж