Талбайн теннисчид хандивын тоглолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Талбайн теннисчид хандивын тоглолт хийлээ

Австралийн Кийнслэнд мужид үерт автсан иргэдэд туслахаар дэлхийн шилдэг талбайн теннисчид Мелбурн хотын Род Лавер Аренад хандивын тоглолт зохион байгуулжээ. Австралийн нээлттэй тэмцээний өмнөх өдөр буюу ням гаригт “Rally for Relief” нэрээр зохион байгуулсан хандивын тоглолтод АТР болон WTA холбооны шилдэг тамирчид оролцсон бөгөөд хоёр сая орчим ам.доллар цуглуулсан байна. Буяны тоглолтыг 15 мянга гаруй хөгжөөн дэмжигчид үзэж сонирхсон бол цэнгэлдэхийн гадна байрлуулсан том дэлгэцээр хэдэн мянган хүн тоглолтыг шууд хүлээн авч, үзжээ. Хандивын тоглолтод оролцсон теннисчид хоёр багт хуваагдан өрсөлдсөн байна. “Алт” нэртэй багийг Лейтон Хьюитт ахалсан бол “Ногоон” багийн ахлагчаар Кийнслэндийн уугуул Пат Рафтер сонгогджээ. Хьюиттийн багт Рожер Федерер, Новак Жокович, Ана Иванович, Жюстин Энен, Каролина Возняцки нар, харин нөгөө багт Рафа Надаль, Энди Роддик, Энди Муррей, Виктория Азаренко, Вера Звонарева болон Ким Клейстерс нар тогложээ.

Үзүүлэх тоглолт 90 минут үргэлжилж, дэлхийн шилдгүүд өрсөлдөхөөсөө илүүтэй сонирхолтой трик шот үзүүлж, үзэгч, хөгжөөн дэмжигчидтэй ойр дотно, халуун дулаан уур амьсгал дунд нэг үдшийг өнгөрүүлсэн аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж