С.Жавхлан гэрт амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

С.Жавхлан гэрт амьдарч байна

Гавьяат жүжигчин С.Жавхлан сүүлийн үед хэт үндсэрхэг үзэлтнээр тодроод байгаа. Орчин үеийн амьдрлыг үл ойшоож, эртний сайхан монгол заншлыг дэлгэрүүлнэ хэмээн ярих болсон зохиолын дууны ханхүү амралтын өдрүүдэд нэлээд хэдэн телевизийн нэвтрүүлэгт оролцов. Зохиолын дууны ханхүү сэтгүүлзүйд хөл тавьж байгаа аж. Тэрбээр өөрийн эрхлэн гаргаж буй “Хөх Монголын дэг ёс” хэмээх сонингоо 50 мянган ширхэг хэвлэсэн гэнэ. Сонингийнхоо ажилд анхаарал тавих үүднээс эрхэлж байсан зарим бизнесээ орхиж, зарахыг нь зарж, үрэхийг үрсэн гэдгээ ч нуусангүй. Хөгжим хэрэгслээ хүртэл зарж борлуулан, үндэсний үзлийг сэргээх үйлсдээ зарцуулж байгаа гэнэ лээ.
Түүгээр зогсохгүй зөвхөн монгол дээлээр хувцаслаж, халбага, сэрээ хэрэглэхгүй, гараараа хоол зоогоо хүртэнэ хэмээн олныг ангайлгаж байсан дуучин залуу монгол гэрт амьдарна гэж хэлсэн амандаа хүрч, долоон буудалд, хашаагүй, задгай газар найман ханатай гэр засан, шинэхэн эхнэр, охины хамт амьдарч байгаа гэнэ лээ. Ингээд бодохоор гурван өрөө байраа дүүдээ бэлэглэж, гэр хороололд өрх тусгаарласан зохиолын дууны ханхүү өөр юуг ч сэдэж магадгүй бололтой. Ямартай ч сүүлийн үед санал болгоод байгаа түүний шинэ санаачилга нь сар шинийн өдрүүдэд төрийн түшээдийн гэрт зочилж, бууз зооглох хүсэл юм. Түүний энэ саналыг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс “Хөх нуруут” төвд хандан, бүртгэл хийлгэх юм уу даа. 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж