Шидокан каратэгийн анхны төв нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Шидокан каратэгийн анхны төв нээлтээ хийлээ

Монголын Шидокан каратэгийн анхны сургалтын нэгдсэн төв болох “Liger” төвийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Шидокан каратэгийн спорт нь дэлхийн 69 оронд хөгжиж, Олон улсын холбоо нь дэлхийн 69 орныг эгнээндээ нэгтгэсэн байдаг бөгөөд уг спортыг манай улсад 2005 оноос хөгжүүлж эхэлсэн юм. Монгол хүний биеийн онцлогт илүүтэй тохирсон тулааны спортын энэ төрлөөр аль ч насны хүмүүс хичээллэх боломжтойгоороо онцлог.

Шидокан каратэгийн Олон улсын төв Япон улсад байрладаг. Манай улсын хувьд 2005 онд уг спортыг эх орондоо хөгжүүлж эхэлсэн цагаас хойш гадаад, дотоодын олон улсын тэмцээнд идэвхитэй оролцож ирсэн бол өдгөө шидокан каратэгийн анхны сургалтын нэгдсэн төвтэй болж байна.
Монголын шидокан каратэгийн “Liger” төв нь холбооны гишүүн тамирчдын бэлтгэл сургуулилтын үндсэн төв байгаад зогсохгүй тулааны урлаг, бодибилдинг, аэробек, чийрэгжүүлэх сургалтыг нэгэн зэрэг явуулж, өндөр зэрэглэлийн тамирчид хийгээд энгийн сонирхогчдыг хичээллүүлэх цогц сургалтын орчин бүрдүүлснээрээ давуу талтай аж.

Шидокан каратэгийн спортоор өдгөө Монголын дотоодын цэргийн албан хаагчид сургалтын журмаар хичээллэж байгаа бөгөөд уг спортыг сонирхон хичээллэхээр “Liger” төвийг сонгосон тамирчин, сонирхогчдод мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн тулааны урлаг, бодилдингийн багш, дасгалжуулагч нар сургалт явуулах юм байна. Тухайлбал, уг сургалтын төвийн үндсэн суурь болсон шидокан каратэгийн сургалтыг Япон улсын каратэгийн аварга, Дэлхийн цомын аварга, Мутай боксын спортын Тайландын эзэн хааны Хатны цомын аварга, Монгол Улсын кикбокс, каратэгийн спортын хошой аварга Д.Бямбадорж удирдах бол Япон улсаас тулааны урлагийн өндөр зэрэглэлийн багш, дасгалжуулагчид урилгаар хүрэлцэн ирж, хичээллэгсдэд сургалт явуулах ажээ.
Монголын шидокан каратэгийн холбооны зарим тамирчид ирэх дөрөвдүгээр сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм байна. Уг төвд каратэ болон бодибилдинг, фитнессээр хичээл хүсвэл,  Хан-Уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, “Монгол нэхмэл” ХХК-ийн хойд талд байрлах “liger” төвийг зориорой.

Б.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж