Мэдээллийн сайтууд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Мэдээллийн сайтууд нэгдлээ

Монголын  вэб сайтуудын холбооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд тэд  Харилцаа холбооны зохицуулах хорооноос Вэб сайтуудын дагаж мөрдөх Түр журам гээчийг гаргаж, түүнийгээ  2010 оны арванхоёрдугаар 1-нээс мөрдүүлж эхлэхээр журамласан талаар мэдээлэл өгч, хэвлэлийн байгууллага болоод уншигчдын эрх ашгийг зөрчсөн уг шийдвэрийн эсрэг тэмцэх болсноо илэрхийлэв.

Дээрх журмаар вэб сайтуудад байршуулсан нийтлэлүүдийн дор хэрэглэгчдийн бичиж үлдээсэн сэтгэгдлийг хянах гэсэн бөгөөд хэрэв энэ журмыг мөрдөж эхэлбэл уншигчид сайтад өөрсдийн үзэл бодол, сэтгэгдлийг илэрхийлэх боломжгүй болох эсвэл  
иргэдийн бичсэн сэтгэгдлээс шалтгаалж тухайн мэдээллийн сайтыг хаах хүртэл арга хэмжээ авах ажээ. Зөвхөн мэдээллийн сайтууд ч бус FM-радио, кабелийн ТВ-үүдэд ч мөн Түр журмын дагуу хяналт тавих талаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид онцолж байлаа.

Монголын  вэб сайтуудын холбоо нь 50 гаруй сайтын гишүүнчлэлтэй ба news.mn, inet.mn, medee.mn, shuud.mn, biznetwork.mn, olloo.mn, mongolnews.mn зэрэг Монголын хэвлэл мэдээлэлд өөрсдийн орон зайгаа эзэлсэн мэдээллийн томоохон сайтуудыг нэгтгэсэн байгууллага юм. “Монголын сайтын холбоо” төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр www.zaluu.com сайтын ерөнхий захирал Д.Дэлгэрмөрөн, Ерөнхий нарийн бичгийн даргаар Үндэсний мэдээллийн сүлжээ www.guren.mn-ийн ерөнхий захирал С.Пүрэвсүрэн нар ажиллаж буй.

Энэ онд Монголд интернетийн хэрэглээ бий болсны 15 жилийн ой тохиож байгаа. Тиймээс ойн босгон дээр уг холбоо хуралдаж,  “Монголын сайтын холбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн II их хурлаа зохион байгуулсныг мөн энэ үеэр хэвлэлийнхэнд уламжиллаа. Холбооны Удирдах зөвлөлд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг топ есөн сайт болох www.news.mn, www.olloo.mn, www.zaluu.com, www.mongolnews.mn, www.guren.mn, www.shuud.mn, www.medee.mn, www.bolod.mn, www.tsag.mn сайтын төлөөлөгчид сонгогдсон юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж