Тэнгэр зүхээд амны гарз

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Тэнгэр зүхээд амны гарз

Тэнгэр зүхээд амны гарз, тэмээ ”Шаагаад” гарны гарз

Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнээс хэтрээд одоо бүр галав юүлэх хэмжээнд очжээ. Үе үеийн хотын дарга нар утаатай тэмцээд тусыг эс олсон. Гэтэл энэ жил хотоос  утааны эсрэг гээд овоо хэдэн төгрөг төсөвлөсөн юм байх. Яах вэ хүнийхээ төлөө нэг удаа ч гэсэн иймэрхүү арга хэмжээ авсан нь сайн хэрэг. Гэхдээ төсөв батлах нэг асуудал, ажил болгох бас л нэг хэрэг шүү дээ. Тэдний ажлыг хэр үр дүнтэй байхыг шалгахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт хотын хамгийн их утаатай хэсэгт ажиллахаар очсон байгаа юм. Тэр нь Чингэлтэй дүүрэг. Яахав тэгээд очихоосоо өмнө Ус цаг уур, орчны шинжилгээний газраас “Агаар тогтуун байх нь уу, утаа ихтэй байх нь уу” гээд баахан асууж судалсан гэнэ. Ус цаг уурыхан ч яахав “Агаар тогтуун байх төлөвтэй байна” гэжээ. Тэгээд яг яваад очтол утаа нь байдаггүй. Тэгээд Ерөнхийлөгч баахан уурлаж. “Ийм ч Ус цаг уурын хүрээлэн байх гэж. Агаар тогтуун, салхигүй байна   гэсэн яалаа” гээд нэлээд цухалдсан юм байх. Угаасаа манай цаг уурынхан чинь байгалийн гэнэтийн зүйлийг яаж мэдэх вэ дээ. Ямар “Ерөнхийлөгч утаатай танилцахаар явах гэж байна, тэнгэр бурхан минь та салхигүй байлгаж өгнө үү” гэж гуйлтай биш дээ. Бас “Энэ чинь Ерөнхийлөгч шүү дээ” гээд тэнгэр хүртэл бөхийнө гэж байхгүй болохоор аргагүй. Ер нь “Тэнгэр зүхээд амны гарз, тэмээ шаагаад гарны гарз” гэдэг л болсон шиг байна. Гэхдээ манай Ерөнхийлөгч мэдрэмж сайтай. Тухайн үеийн нөхцөл байдал таалагдаагүй болохоор Ерөнхийлөгч маань Утаатай тэмцэх хуультай болох санал дэвшүүллээ. Зөв шүү дээ. Гал түлж, утаа гаргасан айл бүрийг торгоод байвал утаатай тэмцэх овоо хөрөнгө хуримтлагдана. Хүмүүс амьсгалах агаартай л байвал хүний эрх энэ тэр нь дүүрч. Тийм биз дээ.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж