Монголын эмэгтэй жүдо бөхийн спортын хөгжилд тод мөр үлдээсэн гавьяат Х.Эрдэнэт-Одыг залгамжлан гарч ирж байгаа хамгийн шилдэг жүдоч гэвэл ОУХМ М.Бундмааг зайлшгүй нэрлэнэ. Түүнийг өнгөрсөн есдүгээр сард жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэхэд нь спортынхны хэлдгээр өмнө нь олон “хачир”-тай /дэлхийн аваргаас өмнө олон амжилт гаргасан/ юм чинь найдвартай гавьяат тамирчин болох нь хэмээж байсан ч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон дээр бууж, гайхшрал төрүүлсэн юм.
Олимпийн төрлийн спортын насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медаль гавьяатын болзолтой гэгддэг “хууль” байдаг ч өнгөрсөн жилийн спортын олон амжилтын дунд төөрч орхисон дарга нар М.Бундмаагийн хөдөлмөрийг зүй ёсоор нь үнэлээгүйд одоо ч хүмүүс дургүйцлээ илэрхийлдэг. Магадгүй, өсвөрийн олимпийн аваргууд, шатрынхны шил дараалсан амжилтууд, чөлөөт бөхийн дэлхийн аваргын алтан медаль гээд спортынхны од гийсэн жил байсан болохоор тэр дунд учрыг нь олохгүй төөрч будилан, “хүрэл медаль юм чинь гавьяат ахадна” гээд “Олимпийн төрлийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медаль” байсныг нь ойлгож, ухаараагүй байх ч талтай.
Ямар сайндаа жүдогийнхон Бундаагаа “Гавьяат тамирчин” болсон гээд дэлхийн аваргаас бөөн хөл хөөр ирсэн ч онгоцны буудалд буугаад сураг сонсохдоо бүгд шоконд орж байхав. Гайхсан зарим нэг нь Х.Баттулга ерөнхийлөгчөөсөө лавлаж байж итгэсэн гэдэг. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч нь тэгэхэд “Гавьяат болох байсан гэдгээ дахиад нотол” гэсэн утгатай үгс унагаад өнгөрсөн гэх яриа ч бий.
Тэгвэл жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Мөнхбаатарын Бундмаа дэлхийн аваргаас хойш харамлаад байсан гавьяатын тэмдгэнд нь хариу барих амжилтыг оролцсон тэмцээн бүртээ гаргаж байна.
Монголд дэлхийн аваргаас медаль хүртсэн хоёрхон эмэгтэй жүдоч байдгийн нэг нь М.Бундмаа, нөгөө нь гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од. Харин тэр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “World Masters” дэлхийн шилдэг жүдочдын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол эмэгтэй жүдоч боллоо. Бас тэр дэлхийн аваргын дараа болсон Азийн наадмын дэвжээнээс мөнгөн медальтай ирж, хэр хэмжээний жүдоч болохоо харуулж чадсан. Зөв шүү, М.Бундмаа. Түмний хүлээлгэсэн итгэлийг төр харамлаж байгаа бол гуйж биш гуядаж ав.
С.Цэлмэг