Юун түрүүнд улс орны гадаад өр ихэсч байгааг яагаад дотоодын банкуудтай холбон тайлбарлаж байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд хоёр шалтгаан бий хэмээн “Macquarie”-ийн шинжээчид үзжээ. Нэгдүгээрт банкууд санхүүжилтийн өртгийг хариуцдаг. Тухайн орны Засгийн газрын гадаад өр нэмэгдэж, хүү нь ихсэхийн хэрээр банкуудын санхүүжилтийн өртөг нь ч өсөх юм. Хоёрдугаарт зээлээр дамжин илрэх нөлөө. Европын орнуудын төсвийн алдагдал нэмэгдэхийн хэрээр зарцуулалтаа хумьж, татвараа өсгөнө. Өөрөөр хэлбэл, банкны зээлдэгчид мөнгөө эргүүлэн төлөхөд хүндрэлтэй болж, чанаргүй зээлийн хэмжээ ихсэх юм.
Зээлээр дамжин алдагдал хүлээсний тод жишээ бол Ирланд. Өнгөрсөн онд тус улсын Засгийн газрын бондын хүү өссөнөөс болж дотоодын банкууд дахь чанаргүй зээлийн тоо олширсон юм. Харин энэ онд Испани, Португальд дээрхтэй ижил нөхцөл байдал үүснэ гэдгийг шинжээчид нотолж байна.
Харин санхүүжилт талаасаа болж энэ онд Засгийн газруудын өр нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Испани л гэхэд бондын эквалентаа нийт гадаад өрийнхөө 30 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцүүлэх шаардлагатай байна.
Улс орны гадаад өр, санхүүгийн тогтолцоо хоёр холбогдож байгаа гурав дахь шалтгаан нь банкуудын дийлэнх нь Засгийн газрын өрийг шууд хэлбэрээр эзэмшиж байгаа явдал юм. Энэ тал дээр хамгийн асуудалтай байгаа нь Испани аж. Түүнчлэн “Barclays Capital”-ын шинжээч Эдманд Шинг “Олон улсын банкуудын тооцоо”-н дээр гарсан тоон үзүүлэлтүүдээс харахад Франц, Германы банкууд хамгийн их дарамттай байна гэж дүгнэж болох юм” гэжээ.
Өнгөрсөн онд зөвхөн “Коммерзбанк”-ны хувьд л гэхэд Германы Засгийн газраас худалдаж авсан бондын өртөг 18.2 тэрбум евро буюу 24 тэрбум ам.долларт хүрчээ. Сүүлийн өдрүүдэд Европын банк, компаниудын бондын хүү улам өссөөр байгаа юм.
Европын комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр улс орнуудын дотоодын санхүүгийн тогтолцоог алдагдал хүлээлгэхгүйн тулд банкуудын эзэмшиж буй бондод хязгаарлалт тавих шийдвэр гаргасан байна.
Ямартай ч одоогийн байдлаар Грек, Ирландын түүх хуучирч амжаагүй байхад Испани, Португалийн эдийн засаг хөрөнгө оруулагчдын санааг улам зовоосоор байна. Энэ хоёр оронд дор хаяж нэг их наяд еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх шаардлагатай болно хэмээн шинжээчид дүгнэжээ. Түүнчлэн Евро бүсийн тогтвортой байдлыг хангахын тулд олон улсын зүгээс ч дэмжлэг үзүүлэхээр болоод байгаа. Хамгийн сүүлд Хятад, Японы Засгийн газар Европын холбооны бондыг худалдаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Японы хувьд еврогийн нөөцөө ашиглаж, ААА түвшний бонд худалдаж авах аж. “Ингэснээр Европын Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд сайжирна” хэмээн тус улсын Сангийн сайд мэдэгджээ. Хятадын хувьд Испанийн бондыг худалдаж авах санал тавиад байгаа. Албан бус мэдээгээр Хятад Евро бүсийн нийт гадаад өрийн долоо гаруй хувийг эзэмшиж байна. Хятад, Японы Засгийн газрууд иймэрхүү байдлаар бонд худалдаж аваад байвал хөрөнгө оруулагчдын зүгээс Евро бүсийн тогтвортой байдалд итгэх итгэл нь нэмэгдэх эерэг нөлөөтэй юм.
Дашрамд дурьдахад өнгөрсөн долоо хоногийн эхээр еврогийн ам.доллартай харьцах ханш суларч байснаа долоо хоногийн сүүлчээр чангарч эхэлсэн билээ. Үүнтэй зэрэгцээд Европын орнуудын бондын өгөөж ч бага зэрэг буурчээ. Үүнийг Итали, Испани тэргүүтэй орнууд шинээр бонд гаргасантай холбон тайлбарлаж болох юм. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Нью-Йоркт нэг евро 1.3456 ам.доллартай тэнцжээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин