Эмэгтэйчүүдэд яагаад квот хэрэгтэй юм бэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдэд яагаад квот хэрэгтэй юм бэ?

Эмэгтэйчүүд улс төрд ороход яагаад квот хэрэгтэй юм бэ?

2010 оны УИХ-ын намрын чуулганаар сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулах, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэх гэж байна. Эмэгтэйчүүдийг улс төрд оролцоход нь түлхэц болдог квотын талаар хийгдсэн зарим академик судалгааны  талаар танилцуулж байна. Улс төрд нэр дэвшигчдийн тоонд квот тогтоох эсвэл тодорхой тооны суудлыг эмэгтэйчүүдэд, бага ястан үндэстэний төлөөлөлд зориулан нөөцөлж хуваарилах гэсэн хоёр төрлийн квот хэрэглэдэг. Дэлхийн 81 оронд эмэгтэйчүүдийн улс төрд ороход нь учирдаг саад бэрхшээлийг багасгах зорилгоор квот тогтоосон байдаг. Өндөр хөгжилтэй орнуудаас Швед, Дани, Голланд, Финланд, Норвеги, Исланд, АНУ-ын Калифорни муж, хөгжиж буй орнуудаас Руанда, Энэтхэг, Аргентин, Коста-Рика, Өмнөд Африк, Мозамбик зэрэг оронд парламентын нийт гишүүний 30-аас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Монгол орны хувьд эмэгтэйчүүдэд сонгох болон сонгогдох эрхийг нь 1924 онд хуульчилж өгсөн бөгөөд энэ үзүүлэлтээрээ хөгжиж буй орнуудын хувьд дэлхийд эхний хоёрт ордог орон. Эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг Албанид 1920 онд, Монголд 1924, Эквадорт 1929, Туркэд 1930, Шри-Ланкад 1931 онд тус тус хуульчилсан байна.

Гэтэл УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 1992 оны сонгуулиас хойш багасч ирсэн бөгөөд 2008-2012 оны УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл гурав буюу 3.9 хувь байна. 2008 оны орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад нийслэл, 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 698 мандатад 99 эмэгтэй  буюу 14,2 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй байна. Манай орны нийт хүн амын 52 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 51.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг боловч хууль санаачлах, боловсруулах, тогтоох болон хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглалын дээд болон дунд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгаа нь эдийн засгийн, нийгмийн ба засаглалын  хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байж болзошгүй байна.

Квот тавьсанаар засаглал сайжрах уу гэдэг л  гол асуудал болохоос биш эрэгтэй нь эсвэл  эмэгтэй нь илүү байна уу гэдэг гол биш юм. Энэ асуудлыг судлаачид хөгжиж байгаа орнуудын жишээн дээр авч судалсан нь их. Тухайлбал, 1993 онд Энэтхэг улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан байна. Үүнд орон нутгийн зам, гүүр, сургууль, усжуулалт, цэвэр усны хангамж зэрэг нийгмийн бараанд оруулах хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргах эрх мэдлийг орон нутгийн консулуудад буюу 265 мянган Грам Панчаяат-д шилжүүлсэн бөгөөд эдгээр консулын нийт суудлын гуравны нэг болон консулын даргын суудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд нөөцөлж хуваарилах болсон байна. Үүний үр дүнд Энэтхэгийн орон нутгийн улс төрд  эмэгтэйчүүдийн төлөөлөл эрс нэмэгдэж, нэг сая илүү эмэгтэй Грам Панчаятын консул болсон байна. Уг квотыг тогтоохдоо ихэнх мужид, тухайлбал, Ражастан, Баруун Бенгал мужуудад  бүгдэд нь бус харин санамсаргүй байдлаар хэсэгчилж тогтоосон байна. АНУ-ын Массачутессийн Технологийн Институтын эдийн засгийн онолын профессор Дуфло болон Чаттопадхая нар эдгээр мужид санамсаргүй байдлаар квот тогтоосон болон квот ердөө тогтоогоогүй тосгонуудын засаглалын үзүүлэлтүүд, орон нутагт оруулсан хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргасан хурлуудын протоколуудыг харьцуулж судалсан бөгөөд нэмж эдгээр тосгодын сонгогчдоос нь асуулга авч судалсан байна. Дуфло болон Чаттопадхая нарын дүгнэснээр Ражастан, Баруун Бенгал мужуудийн эмэгтэйчүүдэд зориулж квот тогтоосон тосгонуудад бүгдэд нь квотын хэмжээндээ эмэгтэйчүүд сонгогдож, томилогдсон байна. Харин тухайн онд ийм квот тогтоогоогүй Баруун Бенгал мужийн зарим тосгонд сонгогдсон консулуудын зөвхөн 6,5 хувь нь эмэгтэй, Ражастан мужид зөвхөн нэг эмэгтэй сонгогдсон байна. Мөн тосгоны хуралд оролцож байгаа сонгогч эмэгтэйчүүдийн  ирц квот тогтоосон тосгонуудад илүү өндөр байсан ер нь эмэгтэйчүүд  илүү олноор сонгогдвол үүнийг дагаад нийт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, идэвх нь сайжрах эерэг дам нөлөөтэйг харуулсан байна. Мөн эмэгтэй, эрэгтэй сонгогчдын орон нутаг дахь төсвийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын талаарх санал бодол, сонирхол ихээхэн өөр байсан байна. Эмэгтэй сонгогчид илүү их цэвэр усны талаар гомдол, санал гаргаж байсан бол эрэгтэй сонгогчид зам, боловсрол, усжуулалтын талаар илүү их санал гомдол гаргаж байсан байна. Тиймээс эмэгтэй консулын даргатай тосгонуудад илүү их тооны худаг гаргаж, засварласан байна. Иймд консулын даргын хүйсийн ялгаа нь орон нутгийн хөрөнгө оруулалт, хуваарилалтын талаарх шийдвэрт илэрхий нөлөөтэй байсан байна. Судалгаагаар эмэгтэй консулын дарга нарыг эрэгтэй дарга нартай харьцуулахад улс төрийн ажлын туршлага бага, дахин дараагийн сонгуулиар сонгогдох хүсэл, амбиц доогуур байсан бөгөөд боловсрол, хөрөнгө чинээгээр дутуу байсан нь ажиглагдсан байна. Дараагийн нэг гол дүгнэлт бол эдгээр мужийн сонгогчдоос авсан  түүвэр судалгаагаар квотоор илүү их эмэгтэй консулуудтай болсон тосгодын сонгогчдийн ихэнх нь аливаа зөвшөөрөл, лиценз, тодорхойлолт авахад авилгал өгөөгүй гэж хариулсан байна. Энэ судалгаанаас гарсан хамгийн чухал дүгнэлт бол квот тогтоосноор эмэгтэйчүүдийг илэрхий дорд үздэг байсан хатуу анги давхарга, кастын системтэй, шашин, хэл яриа, орлогын эрс ялгаатай оронд хүртэл жирийн эмэгтэйчүүд орон нутгийн улс төрд орж ирэх боломжтой болсон бөгөөд гол нь квот бол орон нутаг дахь төсвийн зарцуулалтыг үр ашигтай, хүртээмжтэй, чанартай хуваарилах чухал арга хэрэгсэл байж болох юм гэсэн санаа юм.

Эмэгтэйчүүд боловсрол, ажлын туршлагын хувьд эрэгтэйчүүдтэй ижил, зарим талаар давуу байхад УИХ болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд сонгогдохын тулд тэдэнд яагаад заавал квот хэрэгтэй юм бэ? АНУ-ын Стэнфордын их сургуулийн эдийн засгийн онолын профессор Р.Бхавнани үзэж байгаагаар, сонгогчид  ихэнхдээ нь эмэгтэй гишүүний төлөөлөлтэй  байж  үзээгүй учраас  эрэгтэй, эмэгтэй төрийн түшээдийн санаачилсан хуулийн төслүүдийг санаачилсан, баталсан байдал, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын талаар гаргасан шийдвэрүүдийг харьцуулах боломжгүй байдаг тиймд заавал эмэгтэй төрийн түшээтэй байхыг чармайдаггүй гэж үзсэн байна. Харин нэгэнт квот тогтоосноор илүү их эмэгтэй улс төрчидтэй болоод ирсэн тухайлбал, Энэтхэг, Руанда зэрэг орны туршлагаас харахад аажмаар эмэгтэй улстөрчдийн талаарх дутуу өрөөсгөл  ойлголт, нийгмийн хандлага өөрчлөгдөж ирдэг гэж тэрээр тайлбарлажээ. Дуфло, Чаттопадхая, Рагабендра нарын үзэж байгаагаар эмэгтэйчүүд улс төрийн намуудын дотор явагддаг нэр дэвшихийн төлөө тэмцлээс бэрхшээдэг учраас эмэгтэйчүүд улс төрд орох дургүй байна. 

Монголын зарим эмэгтэй улстөрчид эмэгтэйчүүдийн төлөөлөл бага байгааг эмэгтэй сонгогчид өөрсдөө эмэгтэй нэр дэвшигчдээ дэмждэггүйтэй холбоотой хэмээн тайлбарладаг. Харин Монголын судлаачдын үзэж байгаагаар бол эмэгтэйчүүд улс төрийн туршлага нимгэн,  нэр дэвших болон сонгуулийн сурталчилгааны ажилд шаардлагатай  хөрөнгө мөнгө багатай учраас улс төрд ордоггүй байна. Улс төрийн намуудын хувьд хамгийн гол нь нам сонгуульд ялах асуудал байдаг тул сонгуулийн зардлыг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө багатай эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх нь сонгуульд ялах магадлалтай, сонгуулийн зардлыг санхүүжүүлэх бүрэн чадвартай эрэгтэй улстөрчийг дэвшүүлэхгүйд хүргэнэ магадгүй ингэснээр сонгуульд нэг суудлаа алдах эрсдэл өндөр байдаг тул улс төрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэггүй. Тиймд хуулиар квот тогтоож өгвөл өрсөлдөгч улс төрийн намууд мөн адил эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх учраас энэ эрсдэл буурна.

Эмэгтэйчүүдэд яагаад  заавал квот хэрэгтэй юм бэ гэсэн асуултын гол хариулт бол энэ нь одоо байгаагаас илүү олон тооны улс төрийн авьяастай,  мэдлэг чадвартай боловсон хүчнийг гаргаж ирэхэд, тэгснээрээ улстөрчдийн тэр дундаа эрэгтэй улстөрчдийн доторхи өрсөлдөөнийг нэмэгдүүлэх хамгийн дөт арга зам юм. Монголын улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын ухуулга сурталчилгаа, нөлөө үзүүлэх ажлуудын үр дүнд 2005 оны арванхоёрдугаар сард батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд “нам эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүд байна” заалтыг оруулсан боловч 2007 оны арванхоёрдугаар сард уг заалтыг хассан байдаг. Нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэй нэр дэвшигчийг оруулна гэдэг нь шууд л 30 хувьд нь эмэгтэйчүүд сонгогдоно гэсэн үг биш бөгөөд энэ нь зөвхөн тэгш боломж, тэгш өрсөлдөх боломжийг олгож байгаа явдал билээ.

Квотыг 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигсдийн 25-30 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байна хэмээн хуульчилж болно. Хэрвээ УИХ-ын сонгуульд квот тогтоох боломжгүй гэж үзвэл УИХ-ын зөвхөн зарим сонгуулийн тойргуудад квот тогтоож болно, эсвэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигсдийн 25-30 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот тогтоох боломж байна. Хэрвээ 2012 оны орон нутгийн сонгуулийн бүх тойрогт  эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот тогтоох боломжгүй гэж үзвэл ядаж зарим аймаг, дүүрэгт энэ квотыг тогтоох нь зөв. Хэрвээ 2012 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн зарим тойрогт сонгууль квоттой дүрмээр явагдвал 2012-2016 он квоттой болон квотгүй сонгууль явагдсан тойргуудын УИХ дахь гишүүдийн санаачилсан  болон баталсан хуулийн ялгаа, зөрүү болон орон нутгийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тогтоол,  бодлогын хэрэгжилтийн үр дүнг хооронд нь харьцуулан шинжлэх ухааны аргаар судлан, үр дүнг нэгтгэн дүгнэж, бодлогын зөвлөлгөө гарган хэлэлцэж улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд сонгуулийн бүх тойрогт квот тогтоох эсэхээ дахин хэлэлцэх боломжтой. Энэ төрлийн судалгааг хийх чадвар Монголын их дээд сургуулийн багш нар, судлаач нарт байна.

Монголын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр, гүйцэтгэх түвшний ажил мэргэжлийн туршлага их учраас тэдний мэдлэг, чадвар, ажлын туршлагыг улс төр болон нийгмийн зөв тогтолцоог хөгжүүлэхэд ашиглах нь чухал байна. Дэлхийн эдийн засагчдын хийсэн удаа дараагийн судалгаагаар квот бол эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг нэмэгдүүлэх,  улсын болон орон нутгийн төсвийг  үр ашигтай, хүртээмжтэй хуваарилахад тун их нэмэртэй байх арга зам байж болох юм гэдгийг нотлоод байгаа тул квоттой болбол сонгогдсон эмэгтэй гишүүд гэхээсээ илүү сонгогчид бид л хожно, бидний үр хүүхэд хожно.

Б.Отгонтөгс

Эдийн засгийн ухааны доктор
МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн багш

 
Ашигласан материал

Монгол Улсын Засгийн Газар,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монголын Улс төр судлалын холбоо, ДК- Монгол клуб.  Сонгуулийн талаарх олон нийтийн үзэл бодол судалгааны тайлан. 2005 он. Улаанбаатар.  www.forum.mn

УИХ НББСШУБХ, НҮБ-ын Хүн Амын Сан. Хууль тогтоох байгуулалгад болон шийдвэр гаргах түвшинд эмэгэтйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь. Бодлогын танилцуулга.

ХБНГУын Фридрих Эбертийн сан. Яагаад үгүй гэж? 2010 он. Улаанбаатар.
Р.Нарангэрэл. Иргэний Нийгмийн өнөөгийн байдал. Илтгэл. 2006 он.  www.forum.mn

Bhavnani, R. (2008). Can Governments Remedy Political Inequality? Evidence from Randomized

Quotas in India. mimeo, Stanford.
Chattopadhyay, R. and Duflo, E.  (2004). Women as Policy Makers: Evidence from a Randomized

Policy Experiment in India. Econometrica 72 (5), 1409-1443.
Ridge.M. (2010). Women spreading political wings with help of India’s quota system.  The New York Times. 2010.04.27.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж