Монгол Улсын санхүү, эдийн засагт их мөнгөний эрсдэл гэгч асуудал үүсээд буй. Өмнө нь дандаа дутагдаж байгаа мөнгийг хаанаас, хэрхэн олох, валютын ханшаа хэрхэх вэ гэсэн асуудал үүсч байсан. Харин өнөөдөр Монгол Улсыг чиглэн урсч буй их мөнгөний урсгалыг хэрхэн зөв зохистой зохицуулах вэ хэмээн шийдвэр гаргах түвшнийхэн толгойгоо гашилгаж суугааг энэ үеэр Сангийн сайд С.Баярцогт онцолж байлаа. Тэрбээр “Уул уурхайгаа хэт шүтэж, энэ салбараа л хөгжүүлснээс болж Голланд өвчин тусч эдийн засгаа хямраасан улсууд бий. Уул уурхайн их орлого бусад салбаруудыг үнэгүйдүүлж, өрсөлдөх чадваргүй болгодог. Гэтэл байгалийн баялаг барагддаг учир энэ их мөнгөний урсгал мөнхөд Монголыг чиглэхгүй нь тодорхой. Харин байгалийн баялаг ихтэй ч энэ ашгаас хамааралгүй байж чаддаг Чили зэрэг улсууд олж буй орлогоо дотоодын эдийн засагтаа аль болох шингээхгүй байх бодлогыг баримталдаг. Тиймээс энэ бүхэнд тохирсон бодлого боловсруулах ёстой. Мэргэжилтнүүдийг ч бэлтгэх хэрэгтэй” хэмээсэн юм. Үүний тулд бусад салбаруудаа татварын бодлогоор дэмжих, татаас олгох аргаар орхигдуулахгүй байхыг ч сануулж байлаа.
Энэ үеэр сэтгүүлчдийн хамгийн их сонирхож байсан асуудал Хөгжлийн банкны тухай байсан. Тиймээс ч энэ талаарх яриа өрнөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Хөгжлийн банкийг төв банк болон арилжааны банкны хуулиар зохицуулах боломжгүй учир тусгай хууль боловсруулсан аж. Энэхүү хуулийн төсөлд Засгийн газрыг Хөгжлийн банкинд баталгаа гаргах эрхтэй гэж заасан бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк энэхүү баталгаагаар олон улсаас арилжааны зээл авах эрх үүсэх юм байна. Энэ замаар Хөгжлийн банкаар дамжуулан ойрын 8-10 жилийн хугацаанд 18 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, зээл авч 100 мянган айлын орон сууц барих зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Сангийн сайд дуулгасан. Харин Засгийн газрын бондыг олон улсад ажрилжаалах асуудал түр хойшлоод байгаа юм байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын бонд хэтэрхий хямд арилжаалагдах болчихоод байгаа учир энэ асуудлыг эхний ээлжинд Хөгжлийн банкны бонд гаргах замаар шийдэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа Тавантолгойн ордод давтагдах вий гэсэн болгоомжлол байгааг ч энэ үеэр Сангийн сайдад сэтгүүлчид сануулж байсан юм. Харин энэ асуудалд тэрбээр “Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээний дагуу 30 жилийн дараа Оюутолгой төсөлд эзлэх хувиа нэмэх ёстой. Энэ хугацааг хэтэрхий сунжруу байна гэсэн шүүмлэлийг бид хүлээж авсан. Тиймээс хугацааг багасгах хэлэлцээр хийхээр цаашид ажиллана. Мөн Оюутолгойн урьдчилгаа төлбөрийн зээлийн хүүг ч бууруулах төлөвлөгөөтэй байгаа. Оюутолгойн урьдчилгаа төлбөрийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад орлогын татвараас нь суутгана. Харин Таван толгойн ордод урьдчилгаа төлбөрийн гурван хэлбэрийг ашиглахаар ярьж байгаа” хэмээсэн юм.
Сангийн яамны газар, хэлтсийн дарга нар өөрсдийн хийсэн ажил, хийх ажлын талаар ч энэ үер танилцуулсан. Тэр дундаас Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалын энэ оны төсвийн онцлогийн талаарх яриа анхаарлын төвд байлаа. Төсвийн тухай шинэ хуульд тусгагдсан зарим зүйлс энэ оны төсөвт биеллээ олсон аж. Тухайлбал, шинэ хуулийн дагуу орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой гэсний дагуу аймаг тус бүрт 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн төсвийг тогтворжуулах зорилгоор Тогтворжуулалтын санг төсвийн тэнцэлд оруулсан болон ашигт малтмалын нөөц ашигласны татварыг нэмсэн, сайд нарын төсвийн багцыг энэ жилийн төсвөөс эхлэн нэгтгэж эхэлснийг төсвийн онцлог гэж байсан юм. Харин хэт их алдагдалтай төсвөө магтаж байна гэсэн сэтгүүлчдийн шүүмжлэлд “Хямралын дараа бодит эдийн засгаа сэргээхийн тулд нийгмийн халамж өсгөх шаардлагатай байсан. Мөн эдийн засгийнхаа хөрөнгө багтаах хэмжээг нэмэхийн тулд эдийн засгаа тэлэх хэрэг гарсан. Тэгээд ч 2012 оны зургадугаар сар гэхэд амлалтын мөнгийг өгч дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь энэ оны төсөвт их хэмжээний нийгмийн халамж тусгах шалтгаан болсон” гэлээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин