26:50, 38:38. Улстөрчид ирэх сонгуулийн дүр зургийг иймэрхүү хувилбараар зөгнөөстэй. Эрт урьдын цагт гэдэгчлэн Ардын нам МАХН байхдаа буюу бүр тодруулбал МАХН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн онд 26:50 хэмээх хувилбартайгаар сонгууль явуулахыг дэмжиж, парламент руу тийм бичигтэй цаас чулуудсан. Гэвч намынхаа даалгаврыг яг таг биелүүлдэг бүлгийнхэн нь тэсрэх бөмбөг тэврүүлчихсэн мэт айж бэмбэгнэсээр намрын чуулганы төгсгөлтэй золгочихлоо. Бүтэлгүй гэдэг нь. Гэтэл тээр тэнд Ардчилсан намынхан тэрхүү 26:50 гэдэг тооноос нь айж болгоомжлоод сууж байх юм. Тэд эрх мэдэл, нэр хүнд, бас мөнгө гэдэг үгс хоёр тооны наана, цаана бичээстэй байхыг олж харчихаж л дээ. Гэвч Ардын намын Удирдах зөвлөл захиалсан хөгжмөө эгшиглэхийг хүлээгээд байдаг. Тэхийн зогсоол гэдэг л ийм байдаг байх. Мөн их тэвчээр ээ!
УИХ ёсчилбол УИХ-ын 2012 оны сонгуулийг 26 буюу мажоритар, 50 буюу пропорциональ хувилбараар явуулна. VIP буюу 26 хэмээх тусгай салаанд тухайн намын лидерүүд, чинээлэг давхаргынхан, олон нийтэд нэр хүндтэй хүмүүс багтана. 50. Энэхүү тоонд л хамаг учир байгаа юм. Ардын нам, Ардчилсан намын дарга нар чухам хэн нь хэн бэ гэдгээ үзэцгээх учраас тэр. Аргагүй ээ. Тэд ирэх сонгуулиар пропорциональ тойрогт нэр дэвшиж, нам, намынхаа 50 нэр дэвшигчийг ахлан багаа үнэмлэхүй ялуулах үүрэг хүлээнэ. Өөрөө бусдаас үнэмлэхүй олон санал авч, нэр дэвшигчийн хувьд бас ялалт байгуулах учиртай. Тэгж чадахгүй бол намын дарга байтугай, улстөрчийнхөө карьерыг хуга “өшиглүүлэх” аюултай юм. Учир нь мажоритар хувилбараар нэр дэвшиж өрсөлдсөн 26-аас хэн нэгэн нь “Би чамаас илүү санал авч ялалт байгуулсан. Гишүүнээсээ бага санал авдаг намын дарга ч гэж юу байх вэ. Суудлаа надад тавьж өг” гэж тулган шаардвал яах вэ.
Сонгуулийн тухай хуулийг дээрх ёсоор баталбал намын дарга нарт ийм аюул нүүрлэх нь гарцаагүй. Мөнөөх 26-д багтан ялалт байгуулсан заргач нэр дэвшигч тиймэрхүү шаардлага тавихыг эс тоолоо гэхэд удирдсан багаа ялуулж чадахгүй бол яах вэ. Сонгуулийн ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх намын даргад ийм эрсдэл бас учирна. Тэгвэл намын дарга нарын хувьд хүч тэнцвэргүй өрсөлдөөнд барьж орох гол зэвсэг нь юу байж таарах вэ. Мэдээж хэрэг, хурц тод өнгөтэй том фон. Тэрхүү фон бол Ерөнхий сайдын алба юм. УИХ-ын ээлжит сонгуулийг 26:50 гэсэн хувилбараар явуулсан тохиолдолд тухайн намын дарга нь Ерөнхий сайдын сэнтийгүй л бол олонд нэр хүндгүй, мөнгөгүйгээс ялгаа алга. Төрийн гурван өндөрлөгийн нэг, улс орны хувь заяа халаасанд нь багтдаг нэр нөлөөтэй албан тушаал учраас том, жижиг намын дарга нарт Ерөнхий сайдын албанаас өөр том фон үгүй мэт харагдаж байна. Ардын намын Удирдах зөвлөлийнхөн ч үүнийг хамгийн түрүүнд олж харсан учраас 26.50 хэмээх адын хувилбарыг зүтгүүлж байгаа билээ. Харин 38:38 гэдэг хувилбарт нэг их ач холбогдол өгөхгүй байна.
Гэвч хэрхэхийг Д.Дэмбэрэлийн чуулганыхан мэднэ. Тэдний ихэнх нь “Бид 2008 оны сонгуульд томсгосон мажоритар тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан. Тиймээс өмнөх хувилбараараа 2012 оны сонгуулийг явуулсан нь дээр байх” гэж байна. Хоёр намынхан сонгуулийг ямар хувилбараар явуулахаа шийдэж чадахгүй ийн ацаглаж байтал Монголын алдартай ч гэнэ үү, алдаатай ч гэв үү нэг тиймэрхүү Хувьсгалт нам байгуулагдлаа. Алдартай ч бай, алдаатай ч бай, олон, цөөн гишүүнтэй байх нь хамаагүй, тэд лав санал хувааж лай болно доо.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин