Ц.Шинэбаяр МАН-ыг ”Клиник үхэл”-ээс сэрээв

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр МАН-ыг ”Клиник үхэл”-ээс сэрээв

“Хайр, ханиад хоёрыг хэнээс ч нуух аргагүй” гэж Францын нэг гоё үг байдаг юм билээ. Улс төрийн намуудын дотоод, гадаад тэмцэл намжсан энэ өдрүүд нэг л худлаа санагдаад байгаа юм. Үүнийг ажиглагчид “клиник үхэл”-тэй жишиж байна л даа. Ардчилсан намын хувьд цагаан сарын дараахан болох ҮЗХ-ны хурлаар “том том мууруудын сахлаар оролдох”-оор зэхэж байна. Харин МАН-ынхан Ц.Шинэбаярын “замыг хаах” зорилгоор “Прогноз”-ынхонд хувааж өгсөн намын нэрс нийгэмд өөрсдийг нь хэрхэн муухай харагдуулж  байгааг мэдэж байгаа. Тэглээ гээд Ц.Шинэбаярыг донгодоод ч яах билээ. Ц.Шинэбаяр нь ч Н.Энхбаярын тоглоом болж “тэнэгтсэнийнхээ” да­раа тойрогтоо буцаж очих нүүргүй болоод байгаагаа мэдэж гундуухан явах болж. Угтаа намын дарга намынхаа нэрийг өөрчилчихөөд байхад нэг гишүүн нь хуучин нэрээ санагалзаж шоудаад хаа хүрэх билээ. Намын дарга, Ерөнхий сайд л лав түүнтэй хэлэлцээрийн ширээний ард сууж гар барьтлаа “доош орохгүй” нь лавтай. Ямар ч байсан Ц.Шинэбаярын зүггүйтэл Сү, Хү-гийн сэтгэлийг огтхон ч хөдөлгөхгүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд зөрчил гарсан уу гэвэл гарсан. МАН дотор “хуучин МАХН”-чууд буюу хэнийг ч дагаад хийсч мэдэх люмпенүүд байгааг эл жижигхэн зөрчил харуулж байна шүү дээ.

Ийм нөхцөлд МАН чимээгүй байж байгаад гэнэтийн довтолгоо хийдэг. Тэгэхээр МАН-ын нам гүм байдал нь сонгуулийн кампанит ажлын өмнөх “клиник үхэл” байсан гэдэг нь үнэн байгаа биз. Бат илэрхийлэхээ шинэчлээд, шинээр элссэн гишүүддээ тарааж яваа дүр үзүүлж буй МАН-ын удирдлагуудад хөшигний цаана санаа зовних асуудал багадаагүй. Тэд хэзээ ч их улс төрийг уйдаадаггүй. Дотор нь мөнхийн гал асч, түүнийг унтраах гэж  удирдлагууд нь үргэлж тарчилж байдаг. Үүнийгээ улс төрийн идэвхжил гэж хэлдэг тус намын хувьд нутаг усны улстөржилт, оны ялгаа, фракц хоорондын тэмцэл гээд жижиг маргаан бишгүй байсан.

Харин одоогийнх шиг намууд нь холилдсон бүлэглэлийг яаж тайвшруулах вэ гэдэг жорыг олох амаргүй үүргийг МАН-ын удирдлагууд хүлээгээд байна. Учир нь тэрхүү бүлэглэл Засгийн газрын танхимд хорт хий тавьчихаад, өөрсдөө баг өмсчихөөд хараад сууж байх тийм л аюултай, хор холбогдолтой юм шүү дээ. Энэхүү бүлэглэл улс төрийн хүүхэлдэй болчихоод байгаа Ц.Шинэбаярт ээлтэй байгаа. Яагаад гэвэл Ц.Шинэбаярыг сонирхож, дэмжиж байгаа тодорхой хэсэг нийгэмд байна. Тэр нь ашигтай. Наад зах нь УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир хүртэл сонирхоод, өмөөрөөд эхэллээ. Ц.Шинэбаяр тэргүүтэн үнэн үгээ хэлчихэж болдоггүй юм уу, яагаад түүнийг зохион байгуулалттайгаар эсэргүүцээд байгаа юм бэ хэмээн тэрбээр хэвлэлийн хурал дээр мэдэгдэл хийлээ. Э.Мөнх-Очир бол Н.Энхбаярын хүн. Н.Энхбаярыг хэн ч биш болмогц “Намын дарга болбол дэмжиж чадахгүй шүү” гэдгээ өөдөөс нь харж байгаад хэлчихэж чадсан зоригтой залуу. Иймэрхүү цөс нь хөөрсөн залуус дээрх бүлэглэлийг хүчээ авахад хэрэгтэй байгаа юм. Дээр нь Ц.Шинэбаяр санасандаа хүрч МАХН товчлолыг авч тэрүүхэндээ жижигхэн ялалт байгуулчихаж байгаа нь олны санааг урвуулахад онцгой ач холбогдолтой явдал боллоо. Тэгэхээр клиник үхлийн цаад шалтгаан нь Засгийн газарт “халдах”, улс төрийн дахин бүлэглэл гэгчид өөрийн бүлэглэлийг идэвхтэй хамааруулахад оршиж байна.

МАН-ын жигүүрийнхэн намынхаа эсрэг цор цор хийгээд эхлэхээр нэг агентлагийн суудал ч болтугай зулгаадаг. Түүн шиг энэ бүлэглэлийнхэн хоосон хоцрохгүй нь лав. МАН-ын мэдэлд буй хэд хэдэн агентлагийг үүрэг гүйцэтгэгчтэй хадгалаад байгаа нь ч үүнтэй холбоотой. Яг өнөөдрийн байдлаар МАН дотор ямар ч хэрүүл маргаангүй шинэ батлахаа тараагаад л явж байгаа. Үүний цаана Засгийн газарт хамгийн сүүлд орж ирчихээд хамгийн түрүүнд огцрох асуудлын салхийг хагалсан Д.Зоригтыг донгодсон нь лавтай. Дуугүйхэн байсан Ц.Батбаярын гэдэнг хөдөлгөтлөө их зан гаргаж олны анхаарлыг татсанд нь намын дарга, Ерөнхий сайд түүнийг зэмлэхгүй байх аргагүй. Мөн нам дотор бас нэгэн таагүй уур амьсгал нэмсэн Ц.Батбаярыг ч “Хэний хүчээр Багахангайгаас хотын мэрийн суудалд хүрснийг нь” сануулж буй сурагтай. Хэрэвзээ Ц.Шинэбаяр, Ц.Батбаяр нараас болоод МАН хямраад байвал элэг доог болоод зогсохгүй сүйрнэ. Ц.Батбаярыг дэмжээд С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар гарч ирсэн бол Ц.Шинэбаярыг дэмжээд бүр ч олон “сүүл” гарч ирж мэдэхээр байна. Хэдийгээр хамтарсан Засгийн газар байгуулсан ч гэсэн нам, намын амьдрал тусдаа гэдгийг “шинэковууд” мартаад байх шиг. Хувийн амбицаасаа болж бухимдсандаа сонгуулийн үеэр гарцаагүй эсрэгцэж таарах сөрөг хүчнийхний зууш болохгүй байхыг МАН-ын удирдлагууд сануулж, бас сандралдаж байгаа. Тиймээс Ц.Шинэбаяр, Ц.Батбаяр нараас болж МАН  “клиник үхэл”-д орж, мөн тэднээс болж “клиник үхлээсээ” сэрж байна.  Нам болгон сонгуулийн мөчлөгийн өмнө урт, богино хугацаагаар “клиник үхэл”-д ордог. Түүнээсээ гарч сэргэх үү, бүрмөсөн үхэх үү гэдэг нь тухайн намын л асуудал, аз эз мэдэх хэрэг. Харин “Хайр, ханиад хоёрыг нуух хэцүү” гэдэгчлэн нам доторх нанчилдаанаа олон түмнээс нуух гэж намын удирдлагууд л үйлээ үзэх юм даа.  

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж