“Алтан бөмбөрцөг 2011” наадмын шилдэг инээдмийн болон мюзикл киноны төрөлд таван кино нэр дэвшээд байсан ба ялагчаар нь “The Kids Are All Right” хэмээх лесби хоёр бүсгүйн тухай өгүүлсэн кино шалгарлаа.
Уг киноны гол дүрд жүжигчин Julianne Moore тоглосон ба найруулагчаар нь Lisa Cholodenko ажилласан байна. Уг киноны үйл явдал нь ижил хүйстэн хоёр бүсгүй гэрлэж, хүүхэд өргөж авна. Хүүхдүүд том гэр бүлдээ сэтгэл хангалуун сайхан амьдрах боловч хоёр бүсгүйн нэг эрэгтэй хүнд дурласнаар асуудал үүснэ. Мөн хүүхдүүд өөрсдийн гэр бүлийг бусад гэр бүлээс ялгаатай байгааг анзаарч эхлэх ба ээжүүд болон хүүхдүүдийн хооронд үл ойлголцол үүснэ. Нийгэм дэх ижил хүйстэн хүмүүсийн амьдралыг хүмүүст ойлгуулахыг хичээсэн энэхүү кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Киноны найруулагчаар ажиллаж буй Lisa Cholodenko “Julianne сексийн өрнөл бүхий зураг авалтад хамаг анхаарлаа хандуулж, бэлтгэл сургуулилт их хийж байсан. Би гэхдээ түүнийг амжилттай давж чадна гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Тэр маш чадварлаг жүжигчин. Эсрэг, тэсрэг зан чанартай өвөрмөц дүрүүдийг гайхалтай бүтээдэг шүү дээ. Тиймээс энэхүү дүр нь ч гайхалтай болж чадсан” хэмээн хэлжээ.
Харин Julianne-тай хамтран тоглосон жүжигчин Annette Bening лэсби бүсгүйн дүрд тоглосондоо тун их баяртай байгаа аж. Тэрбээр “Бидний хоршил танд гайхалтай шинэ мэдрэмжийг төрүүлэх болно. Ижил хүйстэн хүмүүсийн талаарх нийгмийн ойлголт улам дээшилж, тэднийг хүлээн зөвшөөрөх хандлага давамгайлж эхэлж байна. Би дүрийнхээ дотоод сэтгэлийн хөндүүр, эмзэглэлийг товойлгон гаргахыг хичээсэн. Мөн тэдний хайр сэтгэл, сексийн таашаал энгийн хүмүүсийнхтэй адил гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүссэн” хэмээн ярьсан байна.
Annette Bening энэхүү дүрээрээ инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй дүрийн төрөлд ялагч болж, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болоод байгаа юм.
Шилдэг инээдмийн болон мюзикл кино
Ялагч:
The Kids Are All Right (Focus Features)
Нэр дэвшсэн:
Alice in Wonderland (Walt Disney Pictures)
Burlesque (Screen Gems)
Red (Summit Entertainment)
The Tourist (Columbia Pictures)
Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин
Ялагч:
Annette Bening – The Kids Are All Right
Нэр дэвшсэн:
Anne Hathaway – Love and Other Drugs
Angelina Jolie – The Tourist
Julianne Moore – The Kids Are All Right
Emma Stone – Easy A