Талбайн теннисний спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Их дуулга”-ын цувралын шинэ оны эхнийх нь болох Австралийн нээлттэй тэмцээн өнөөдөр Мелбурн хотын Мелбурн Парк цэнгэлдэхэд эхэллээ. Тэмцээн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тоглолтоор эхэлсэн бөгөөд тэмцээний чансааг тэргүүлж буй Данийн Каролина Возняцки эхний тойрогт Аргентиний теннисчин Жизела Дальког 6-3; 6-4 харьцаатай буулган авснаар дараагийн шатанд шалгарчээ. Мөн ОХУ-ын теннисчин Мария Шарапова Тайландын Тамарине Танасугарнтай тоглож, 6-1; 6-3 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон байна. Тэмцээний эхний тойргийн тоглолтууд өдгөө Мелбурн хотод үргэлжилсээр байна.
Хатуу хучилттай талбай дээр зохиогддог 24 сая ам.долларын шагналын сантай 99 дэх удаагийн Australian Open тэмцээний аваргууд энэ сарын 30-нд тодорно.
С.Цэлмэг